Тод манлай уяач Д.Даваахүү:Чиний гаранд өргөс шаачихаад байвал яах вэ, эх дэлхийгээ яг тэгэж л хайрлах хэрэгтэй гэсэн аавын минь үг санаанаас гардаггүй

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Тод манлай уяач Данзаннямын Даваахүү гуай морь уях эрдэм ухаан болоод  ер нь хүн байгаль, эх дэлхийтэйгээ хэрхэн харьцах хэрэгтэй талаар санаа сэтгэгдлээ хуваалцлаа. Аав нь түүнд “Чиний гаранд өргөс шаачихаад байвал яах вэ, эх дэлхийгээ яг тэгэж л хайрлах хэрэгтэй” гэж хэлсэн нь санаа бодлоос нь огт гардаггүй хэмээн тэрбээр хэлсэн юм. Түүнийг Улаанбаатар хотод ирээд байхад нь уулзлаа.

Монгол улсын тод манлай уяач гэсэн хүндтэй цолны эзэнтэй  уулзчихаад хурдан морины талаар цухуйлгахгүй бол алдас болох биз. Та морь шинжихдээ хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ?

-Адууны үйлдвэр угсаа гэж бий. Нэгдүгээрт, цус нь холдсон, хоёрдугаарт давхих бүрэн шинж төгс гэж бий. Жишээ нь, бөх хүн гэхэд дээлтэй явахаараа бүгд адилхан боловч нүцгэлээд барилдахаараа илүү нь илүүгээрээ, арай дутуу нь дутуугаараа л байдаг. Үүнтэй ижлээр төгс шинж нь бүрэн бүрдсэн адуу бол хүлэг эрдэнэ. Манай Монголын хурдан адууны анхан ундарга нь Хэнтий аймаг. Үүнээс гадна Тэсийн, Сүхбаатарын, Төв аймгийн Баянцагааны гэж байсан.

-Тэр дундаа Төв аймгийн Баянцагааны адуу сүүлийн үед их алдаршиж байгаа байх аа?

-Тийм шүү. Дээр үеэсээ  л тэндээс их олон хурдан морь төрөн гардаг байсан. Улсын их наадамд хамгийн олон морь түрүүлснээрээ 1999 онд хорьдугаар зууны манлай сум болсон.

Та “Морь уях, таних, шинжих гэдгийн цаана монгол хүний сэтгэхүйн маш том философи бий” гэж ярьдаг.  Энэ тухайгаа ярьж өгнө үү?

-Монголын хурдан морь нь олон зуун жилийн түүхтэй. Түүнийг дагаж тэр морийг шинжих, уях гэдгийн цаана маш том философи, арга ухаан бий. Ер нь их том ажил, нэг ёсондоо багийн ажил гэж ойлгож болно. Хамгийн урьтаад хурдан морио бий болгоно. Ингэж хурдан адуу бий болгоход хэдэн арван жилийн уйгагүй хөдөлмөр ордог. Удаахад нь бий болгосон адуугаа өсгөж үржүүлнэ, хойно даага байхаас нь эхлээд уралдаанд сургах, зөв сургах, хоргодоогүй сургах ажлуудыг хийх ёстой. Дээл бол жишээ нь, зөв эсгэсэн бол сайхан дээл болдог шиг адууг анхнаас нь зөв сургаж байж л хурдан адуу болно. Тэгэхээр эхлээд морио бүрдүүлж уясныхаа дараа нэг хүүхдэд унуулна.  Жишээ нь, дуучин хүнийг л их мундаг гээд байдаг. Дуучны цаана тэр дууны шүлгийг бичдэг, аялгууг нь зохиодог хөгжмийн зохиолч байна шүү дээ.

 Тэр шүлгийг амь оруулдаг хөгжмийн зохиолч бол нэг ёсны уяач хүн гэсэн үг. Дуучин чинь нэг ёсны унаж уралддаг морины хүүхэд шүү дээ.

Тиймээс хамгийн эхэнд адууныхаа үйлдвэр угсааг сайжруулах хэрэгтэй. Өвс ургамал үндэсгүйгээр ургадаггүйн адил үндсээ сайн тавих хэрэгтэй.

-Та өөрөө уяж эхлэхээсээ өмнө дуучин нь байв уу?

-Тиймээ.Би Монгол улсад 1956 онд анх удаа хурдан морь унаж уралдаж байлаа. Тэр цагаас хойш жаран хэдэн жил тасралтгүй морьтой холбоотой явсан байна. Уналаа, уралдлаа, уялаа.. Миний хамгийн сайн давхисан морь гэвэл  1961 оны Улсын 40 жилийн ойн их баяр наадмаар их насны морьдын ангилалд наймдугаар байранд орсон байдаг. Бас  адуучин, малчдаас Хөдөлмөрийн баатар авсан найм дахь хүн нь болсон. Юмны дохио, бэлгэдэл байдаг юм болов уу л гэж боддог.

Хэзээнээс морь уяхаар санаа шулуудав аа?

-Багадаа аавыгаа дагаад л дандаа морины туслах ажил хийж явсан. Зөвдөнө, буруудна. 1968 онд Дорнод аймагт 030-р цэргийн ангид байхад намайг ангийн адуун дээр гаргасан. Тэгэхэд бас Улсын баяр наадамд барилдах гээд 21 хоногийн бэлтгэл гарчихсан байсан үе л дээ. Тэгсэн адуун дээр моридоо усалж байсан чинь Баянхонгор аймгийн Сүрэнхорлоо гээд залуугийн унаад адуунд явж байсан хээр морь их зүгээр санагдаад, тухайн үед манай ангийн Аж ахуй, хангамжийн хэлтсийн дарга, хошууч Пүрэвдоржоос “Энэ морийг би уяж болох уу?” гээд л шууд асуучихсан.

Тэгсэн чинь “Чи морь уяж алах нь уу?” гэхэд нь “Гүй ээ, гүй, би алахгүй” гээд л уясан.

Өөрөө барилдаж бэлтгэл хийгээд, тэр хээр адуугаа бэлтгэж уяад 1970 онд 49 жилийн ойгоор Дорнод аймагт өөрөө дөрөвт үлдэж аймгийн начин цол авч, морь маань бас дөрөвт орсон. Тэгж л морь анх уяж эхэлсэн. Миний үед бэлэн нэмэлт идэш тэжээл гэж байгаагүй, харин  зөв сайхан эдэлж, идээшлүүлдэг байлаа. Монгол мал ер нь их өвс ногоогоо сорчилж иддэг. Адуу ч мөн адил   шивээний доод талын өвсийг сорчилж иддэг. Хонь, адуу хоёр ямар ч цастай байсан ухаж иддэг бол үхэр дээгүүр нь иддэг.

-Уяач, малчид ер нь малдаа их ээнэгшүү байдаг.Байгальтайгаа харьцаж ирсэн нүүдэлчдийн соёл байх даа?

-Хүн гэдэг бол дээрээс ойчиж унаагүй, газар дэлхийгээс ургасан амьтад. Амьтан дотроо хамгийн ухаалаг амьдрахаар төрсөн нь хүмүүс. Бид нар бол байгаль.

Байгаль дотроос ер нь хүн, нохой, адуу гурав хүйсийн холбоогүй ч нэг үндэснээс гарсан болов уу гэж боддог.

Нохой ч хүнд их сайн, малыг нь хамгаална, гэрийг нь хамгаална. Адуу гэдэг амьтан бол бидний уналга, хэрэглээ гээд бүгдэд нь хэрэглэгддэг эд л дээ. Тэгэхлээр, байгалийг алтыг нь аваад,авдрыг нь хаялгүйгээр байгалийг эргэж засч, цэвэрлэж явах ёстой. Юмыг нь авбал авдаг л юм байгаа биз, тэгэхдээ сайхан хэвээр нь байлгах хэрэгтэй.

-Таныг Төв аймагт уул уурхайн компаниудад нэлээд шаардлага тавьж явдаг гэж сонссон юм байна?

– Төв аймгийн Сэргэлэн суманд нэлээд тийм газрууд бий.Юмыг нь аваад ядахдаа булдаг байх ёстой. Зарим газруудад их том том газрууд хаягдаад л байх юм. Одоо ажиллаж байгаа ч газрууд байна, ажлаад дуусчихсан газрууд ч байна. Сайхан тэгшлээд, нөхөн сэргээгээд, өмнө нь ямар байсан тэр хэмжээнд нь хүргэмээр санагддаг. Ер нь байгаль эх дэлхий гэдэг бол бидний үндэс учраас байгаль, лустайгаа зөв харьцаж байх хэрэгтэй.

-Ер нь байгаль дэлхийгээ хамгаалах хэрэгтэй гэсэн хатуу бодол хэзээ суусан бэ, Танд?

-Би 1963 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд тавдугаар ангиасаа нутагтаа очоод сургуулиасаа гарсан хүн.

Намар орой ч болсон байсан, уяаны гадас газар жаахан үлдчихсэн байхаар нь авч чадалгүй орхичихсон чинь аав маань үглэсэн. “Чиний гарт өргөс шаачихаад байвал ямар байх вэ”  гэж асуусан.  Дэлхийг тэгэж л хайрлах ёстой.

Уяач хүн гэхэд уяагаа зоочихоод, тэр газраа тэр хэвээр нь хэзээ ч орхиж явах ёсгүй. Монгол ёсоор бол уяаны мөр гарсан нүхэнд будаа хийгээд, хуучин шороогоор нь булдаг ёстой. Байгальтай буруу харьцсанаас болж лусын хаан ч бидэнд яаж хандах юм, хилэгнэдэг болов уу гэсэн бодол бий. Их Монгол их улс, их газар, их тэнгэр гэж ярьдаг шүү дээ. Бороо ороогүй бол ногоо ургахгүй. Улсын хөгжил нэмэгдэх тусам химийн үйлдвэрлэл идэвхжсэнээс болж дэлхий сөнөх асуудал үүсч болох юм гэж миний хувьд боддог. Хойд Мөсөн далай их хэмжээгээр хайлж байна гэж байна. Зун их халдаг, өвөл огцом хүйтэрдэг болсон байна. Байгаль байвал л хүн байна, байхгүй бол байхгүй. Өнөөдөр машин унадаггүй хүн бараг байхгүй. Гэвч машинаас гардаг утаа нь эргээд хүнд их муу.

-Ер нь хүн болгон л дор бүрнээ хичээж, хувь нэмрээ оруулах хэрэгтэй байх?

-Ямар ч байсан дуу хоолой, цуурай байлгүй бол болохгүй. Дэлхий даяар суурин хотжилтод шилжсэн нийгэмд бид амьдарч байна. Жишээ нь, Улаанбаатар хот сүүлийн 10 жилийн хугацаанд утаатай байлаа. Тэгэхэд энэ Зүүн Азийн улсууд утаагүй байж болоод л байна. Утааг багасгах ажил хийх нь өнөөдөр төрж байгаа хүүхдийн ирээдүйн насыг арай л урт болгож байна гэсэн үг. Энэ жилийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажилд миний хувьд их талархайлтай байгаа. Миний хувьд их хөдөө гадаа явдаг хүн. Улаанбаатар луу орж ирэхээр онгоцонд суугаад үүлэн дундуур л явж байгаа юм шиг байдаг байсан. Өнөөдөр тийм юм байхгүй, сайхан байна.

-Одоо ч Та буцаад адуу руугаа явах уу?

-Одоо хөдөө буцаад адуу руугаа явна. Адуунаасаа холдчихвол ер нь л амьдрахад хэцүү болно шүү. Хийхгүй байж чадахгүй, хийж байж л тайван, сэтгэл амар байдаг зүйл маань адуу юм даа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ