Уг нь бол сонгогчид төрийн түшээдийг нийт ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэж, ард түмний элч, улсын эрх ашгийг эрхэмлэгч бай гэж сонгодог. Гэвч хөрөнгө мөнгөөр сүрдүүлсэн, төрийн өндөр сэнтийд санаархагчид олширч авлигыг гааруулж,төрөөс тэрбумтан болтлоо хэтэвчээ зузаатгаж байна гэдэг түмний шүүмжлэл бодит үнэн. Энэ нь шууд утгаараа улс төрийн намууд тодорхой хэмжээний мөнгөний босго тавьж, тэр мөнгийг хандивласан хүн нэр дэвших эрхээ авдаг,сонгогдсоны дараа сайдын суудал захиалдаг гэдэгтэй холбоотой юм.
Гэвч 2020 оны сонгууль урд өмнөх сонгуулиудаас өөр, онцлог болох чихэнд сонсголонтой мэдээ дуулдаж эхлэв. Энэ үнэн бол, хэрэгждэг бол эрх баригч МАН шударга сонгуулийн салхийг сэвэлзүүлчихлээ. Тодруулбал МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурал дээрээ 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй хөрөнгөлөг нэр дэвшигчдийг хүний өөрийнгүй хүнд цохилтод оруулсан мэдэгдлийг хийв. Уг мэдэгдэлд эрх баригчид 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн дэнчин авахгүй. Харин ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, ард нийтийн дэмжлэг өндөртэй, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Мөн сонгуулийн тойрог дээр нэр дэвшихийг горьлогчид МАН-аас явуулах суурь судалгааны ажлыг дэмжихээс гадна өөрт оногдсон тодорхой зардлыг л хариуцаж оролцоно гэдгийг албан ёсоор мэдэгдэв.
Мөн дээрхи мэдэгдлийн өмнө эрх баригчид “Иргэдийн тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж баталсан. Ингэснээр тэтгэврийн зээлтэй байсан 229 орчим мянган ахмадууд зээлээс чөлөөлөгдөж байгаа ч тэдний ард буй гэр бүлийн гишүүдийн асуудал давхар шийдвэрлэгдсэн гэсэн үг. Учир нь ахмадууд тэтгэврийн зээлийг 1-2 сар, 8-9 сар гэх тодорхой саруудад өөрсдийн хэрэгцээнд бус үр хүүхдүүдийн сургалтын төлбөр зэрэгт нэмэрлэхээр хамгийн их авдаг гэх судалгаа байгаа юм. Түүнчлэн 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 21.1 мянган ахмадын тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрүүд нь олон нийтийн зүгээс өндөр үнэлгээ аваад байна.
С.Сайхан