Ч.Улаан: Мах экспортлох квотыг хуулийн дагуу олгож байгаа, Б.Пүрэвдорж гишүүнд баримт байгаа бол шалгуулья

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан талаар өчигдөр мэдээлэл хийсэн . Тэрбээр “Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангалттай хэмжээнд өссөн байсан. Нэг төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр унасан байна. Бод мал нэг тус бүрдээ 200 мянган төгрөгөөр унасан байна. Үүний шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд БНХАУ-ын компаниудад олгосон квоттой холбоотой. Манай улс нийт 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс 12 нь л БНХАУ руу мах экспортлох квоттой. Ийм цөөхөн олгож байгаа нь эрэлт бий болгож, авлига авах шалтгаан болж байна. Бусад компаниуд эдгээр зөвшөөрөлтэй 12 ААН-д нэг кг адууны махан дээр 12 юаний төлбөр төлж мах нийлүүлэх болдог. Зөвшөөрөл олгосон 12 компанийн ес нь БНХАУ-ын эзэнтэй компани, үлдсэн гурав нь сайд, дарга нарынх. Махны экспортын квот тогтоодог болсон нь мах экспортлогч компанийг ч давхар хүнд байдалд оруулж, өр зээлэнд унагаж байна. Энийг мэддэг УИХ-ын гишүүн олон бий. Харамсалтай нь, нэг нам гэдгээр хайрцаглан, салбарын  сайд Ч.Улаанд хариуцлага тооцож чадахгүй өнөөдрийг хүргэсэн. Огцруулах асуудлыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна” хэмээсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийж Б.Пүрэвдоржийн ярьсныг эрс  үгүйсгэв.

Ч.Улаан сайд “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, БНХАУ руу экспортлох махны хэмжээг тогтоож, экспортлох компаниудад зөвшөөрлийг нь олгохдоо нээлттэй  сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулалтад мах боловсруулж үйлдвэрлэх албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрүүд оролцох бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл авсан ганц ч компани байхгүй. 20  гаруй үйлдвэр аж ахуйн газраас яаманд санал ирсэн. Засгийн газраас квот олгосон нь  Ч.Улаан сайдын буруу. Тиймээс огцруулна гэж байна. Квотыг хуулийн дагуу олгож байгаа гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна. Хэрэв Б.Пүрэвдорж гишүүнд баримт, мэдээлэл байгаа бол хамтдаа шалгуулъя. Би шалгуулахад бэлэн байна.

Өнгөрсөн 2019 онд ХХААХҮЯ 47 мах боловсруулах үйлдвэртэй бодлогын гэрээ байгуулан хамтарч ажилласан. Бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд экспортод гаргах зөвшөөрөл өгдөг. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мах боловсруулах, бэлтгэх, үйлдвэр цехүүд бий. Үндсэндээ махны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн дийлэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтай. Гэхдээ үүнийг би буруутгах гэсэнгүй. Гагцхүү гадны хөрөнгө оруулсан компанид Монгол Улсын хууль үйлчлэх ёстой. 2019 онд гарал үүслийн баталгаагүй мах бэлтгэдэг, техник технологийн шаардлага хангаагүй нөхцөлд нийтийн хэрэгцээнд зориулж мах бэлтгэдэг. Тэр битгий хэл экспортод гаргах бүтээгдэхүүнийг хүртэл стандартын шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэдэг зэрэг зөрчлүүд илрүүлсэн.

Тухайлбал, мах экспортлох зөвшөөрөлгүй мөртлөө экспортод гаргах зориулалтаар их хэмжээний мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд байна. Өөрөөр хэлбэл, дүрэм журмаа зөрчөөд их хэмжээгээр мах бэлтгэсэн. Бид оны эхнээс эдгээр бүх аж ахуйн нэгжүүдээр явж хянан магадлхгаа хийсэн. Бэлтгэсэн махыг цаашдаа яах вэ гэдэг яаман дээр бодлогын хэмжээнд яригдаж байна. Дотооддоо хэрэглэдэггүй дулааны аргаар боловсруулсан мах, адууны мах, хөлдөөсөн мах ч  байна. Адууны мах дулаан орчихоор чанараа алдана. Тиймээс хөдөө аж ахуйн биржээрээ дамжуулж эрүүл ахуйн шаардлагыг нь хангуулж байгаад экспортод гаргах боломжийг хайж байна.

Махны 12 үйлдвэр хоорондоо ярьж байгаад “Зөвхөн технологийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг экспортод гаргана” гэсэн уриалга гаргаж  яаманд  хандсан. Бид тэдний уриалгыг дэмжиж байгаа. Тийм ч учраас борлуулж чадаагүй мах үлдсэн байна гэж үзэж байна. Ер нь хэдэн аж ахуйн нэгжид квот өгөх вэ гэдэг тоо байдаггүй. Харин хэдий хэр хэмжээний мах экспортлох квот өгөх вэ  гэдэг тоо бий. Энэ нь хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан. Өнөөдөр махны квот тогтоох асуудал дээр яамны ажлын хэсэгт  мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна. Мах экспортлох асуудал дээр яам квот өгөхдөө авлига авч байна гэсэн яриа гарсан. Тийм асуудал байхгүй” гэсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ