• Гишүүд сар шинээр бэлэг тараавал Зөрчлийн хуулиар 200 сая төгрөгөөр торгуулна

    2020-01-15

    Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтэгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

    Удахгүй сар шиний баяр болно. УИХ-ын гишүүд тойрогтой ажиллаж, иргэд сонгогчидтой уулзан хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ гарын бэлэг тараадаг. Тэгвэл энэ жил гарын бэлэг тараахаас бусдыг буюу  хийсэн ажлээ цаасан хэлбэрээр болон хурал цуглааны хэлбэрээр зохион байгуулахыг зөвшөөрнө.

    Зөрчлийн тухай хуулийн 41-д Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор хийж болохгүй зүйлсийг тодорхой тусгасан.

    СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-ын гишүүдийн хувьд тайлан тавих ажил нээлттэй. Харин сурталчилгаа явуулахыг хориглоно. Зөрчлийн тухай хуулиар хорин сая төгрөг, хуулийн этгээдийг хоёр зуун сая төгрөгөөр торгох зохицуулалттай. Нэр дэвшигчидтэй холбоотой асуудал үүсэхэд СЕХ бүртгэхээс татгалзах боломжтой. СЕХ-ноос нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах хоёр үндэслэл бий. Нэг нь сурталчилгаатай холбоотой зөрчил гаргавал нэр дэвшүүлэхээс татгалзана” гэв.

    Дээрх хуулийн заалтыг зөрчвөл  тус хуулийн 47-д зааснаар  Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ нь иргэн 20 сая төгрөг, хуулийн этгээд 200 сая төгрөг юм.

    Тодруулбал,

    41.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлсэн;

    41.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэсэн;

    41.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулсан;

    41.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийсэн;

    41.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авсан;

    41.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулсан;

    41.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ