Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг үндэслэх, мөн олон нийтийн хяалтын дор явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох агентлагийн даргад үүрэг болгов. Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан дугуйт, гинжит техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээс, бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамаарч хураан авч улсын орлого болгох зэрэгтэй холбоотой зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулахаар төлөвлөв.
Товч мэдээ:
– “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилттэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. УИХ баталсан тохиолдолд халаалтын зуухнуудыг буулган төвлөрсөн дулаанд холбох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах, 5000 айлд шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэл суурилуулах, 200 орчим айлын дунд Дэд бүтцийн төв байгуулах зэрэгт зарцуулах юм. Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон байна.
– Төв цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 262 сая ам.долларыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргана. Үүнтэй холбоотой хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах юм.
– Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг олгоно. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй