“Төр муу менежэр” биш гэдгийг баталсан “Эрдэнэт”-ийн түүхэн дээд амжилтууд

2019-12-28

“Төр муу менежэр” гэдэг үг үнэн үү, худал уу? Магадгүй төрийн дансны үйлдвэрүүдийн үр ашгийг хувьдаа завших гэсэн, завшиж ч ирсэн хэсэг бүлгийн гаргасан үг байж болох юм. Үүнийг ч баталж 2019 онд төрийн өмчит үйлдвэрийн газрууд тун дажгүй үр ашигтай ажилласан. Эдний нэг нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр.

2019 онд “Эрдэнэт”-ийн ололт амжилт дандаа “түүхэн дээд” гэх үгээр тодорхойлогджээ. 2019 оны  гуравдугаар сарын 21-нд   Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг  төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд энэ шийдвэрээ бодит болгохын тулд онцгой дэглэм тогтоон ажилласан юм. Социализмын үеийн бүтцээрээ буюу Монгол, Оросын хамтарсан үйлдвэр статусаар, төрийн хяналт сул явж ирсэн үйлдвэрийг ийнхүү дэгтэй болгосон нь орлого, ашиг сайжрах үүд хаалгыг нээжээ. Зөвхөн энэ жишээнээс “Төр муу менежэр” гэдэг үг үнэн үү, худал уу? Гэдэг үгийн хариулт гарна.

Ингээд “Эрдэнэт”-ийн гаргасан түүхэн, дээд амжилтуудын тухай өгүүлье.

  • “Эрдэнэт” үйлдвэр  2019 онд 936 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Энэ тоо 2016 онд буюу “Эрдэнэт” тойрсон маргаан ид өрнөж байх үед 184 тэрбум байв. Төсөвт ингэж нэг байгууллага их наяд руу дөхсөн орлого оруулсан тохиолдол одоогоор анхных.  Түүнчлэн “Эрдэнэт” өнгөрсөн жилийн тендер, худалдан авалтаасаа анх удаа 54 тэрбум төгрөг хэмнэжээ.
  • “Эрдэнэт” үйлдвэр ил уурхайгаас 32 сая тонн хүдэр олборлож, боловсруулсан нь мөн л 2019 оны түүхэн дээд амжилт.
  • Хөрөнгө  оруулалтын жил болгон зарласан 2019 ондоо “Эрдэнэт” үйлдвэр   хөрөнгө оруулалтыг хийсэн шиг хийсэн.  Үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хэлснээр 2019 онд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шинэчлэл хийж, 20 сая орчим ам.долларыг геологи хайгуулын цогц ажилд зориулжээ.  Үр дүнд нь “Эрдэнэт”-ийн овоо, ойр орчим дахь  нөөц цаашид 60 жилийн баталгаатай ажиллана гэдгийг тогтоосон байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “Эрдэнэт” үйлдвэр одоо хөгшин үнээ болсон” гэх үг ийнхүү бодитоор няцаагдаж, цаашид 60 жил монголчуудыг  тэжээх “саалийн үнээ” болохоо баталсан нь гайхалтай амжилт биш гэж үү?  Хөрөнгө оруулалтын жилд хийсэн шинэчлэлийн ажлуудын жагсаалт ЭНД.

Тус үйлдвэрийг анх 40 жилийн нөөцтэй хэмээн тогтоож байсан бөгөөд өнөө жил 42 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Олборлолт гүнзгийрэх тусам  хүдэр дэх металлын агуулга буурч байгаа гэсэн үг. Ийм нөхцөлд  эцсийн бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалж, борлуулалтын орлогоо бууруулахгүй барих шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтын шинэчлэл дараахь үр дүнгүүдийг авчирч байгаа ажээ.

“Дөчин жил гэдэг багагүй хугацаа. Хүнээр бол идэвхтэй амьдралынхаа талаас илүүг өнгөрөөж байгаатай зүйрлэж ч болох юм. Эрдэнэтийн овоо ордын уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурсан. Технологийн ихэнх тоног төхөөрөмж, техник, инженерийн байгууламжийн насжилт өндөр болжээ. Чухам энэ цаг үед компанийн алсын хараа, эрхэм зорилго, бодлогоо зөв тодорхойлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүйгээр үр ашигтай явуулах, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх нь тун чухал” хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн жилийн өмнө хэлж байв. Үнэхээр ч тус үйлдвэрт сайн засаглал, хариуцлага, сахилга бат тогтож, 40 жилийн түүхийг улбаалах 60 жилийн ирээдүйг тодорхойлоод байна.

“Төр муу менежэр” биш гэдгийг батлах “Эрдэнэт” үйлдвэрийн амжилт 2020 ондоо Эрдэнэтийн овоо шигээ улам гялалзах бат сууриа нэгэнт тавьжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ