
Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсний үнийг тогтоосноор Шарын голын уурхай дампуурлын ирмэгт хүрч, тус уурхайн ажилчид буюу 500 гаруй уурхайчин ажилгүй болох эрсдэл үүссэн талаар уурхайн ажилчдын үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсний үнийг нэг тонныг нь 40500 гэж хатуу тогтоосноор туc уурхай цаашид олборлолт, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, алдагдалд орсон гэлээ. Тиймээс үнийг чөлөөлж өгөөч хэмээх хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд тавьж байгаа аж.
Шарын голын нүүрсний уурхайд ямар асуудал тулгараад байгаа талаар уурхайчдын төлөөлөл “Компани цаашид ажиллахад хэцүү болсон. Өр нь ихэссэн. Түлшний өртэй болохор компаниуд бидэнд түлш өгөхгүй шүү дээ. Цахилгааны, татварын өр байна. Татвараас байж байгаад л данс хаачихаад цалин мөнгөө тавихад ч хэцүү байна.
Бид цалингаа нэмүүлж чадахгүй хүндрэл байна. Өнөөдөр Засгийн газрын эрсдэлтэй ажил үүрэгч биш гэдгээ уурхайчдынхаа өмнөөс хэлмээр байна. Бид бас баялаг бүтээгч шүү дээ. Хойд бүсийг дулаанаар хангаж байгаа эгэл жирийн уурхайчид. Бид нүүрсний үнийг чөлөөлж өгөхийг л хүсч байна. Тодруулбал 46-48 мянган төгрөг болгох хүсэлтэй байгаа. Бид тийм өртгөөр олборлочихоод 40500-аар зараад байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл олборлож байгаа өртгөөсөө бага өртгөөр зарж байгаагаасаа болоод өнөөдөр алдагдалд орж сөхрөх гээд байна. Манай хамгийн том хэрэглэгч Эрдэнэт үйлдвэр. Энэ үйлдвэрт нүүрс өгөхөө зогсоогоод найм, ес хонож байна. Энэ байдлаараа хэд хонох юм бол Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоно. Үйлдвэрчний эдвэлийн зүгээс нүүрсний үнэ чөлөөлөхгүй бол нүүрс өгөхгүй гэж бодож байгаа” гэлээ.
Үүнд Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тайлбар хийхдээ “Өнөөдөр нүүрс нийлүүлж байгаа үнэ нь 40500 төгрөг байгаа. Энэ үнийг 6000 төгрөгөөр нэмэгдүүлье гэсэн хүсэлт тавиад байгаа. Энэ хүсэлтийг оны өмнө ч тавьж байсан. Гэхдээ үндэслэл нотолгоотой материал ирүүлээч. Тэрний үндсэн дээр бид батална гэсэн хариу өгсөн. Сүүлд ирүүлсэн материал бол нотолгоо байхгүй, үндэслэл хангалтгүй байсан. Үнэ нэмэх юм бол хэрэглэгчийн цахилгааны тарифт шууд нөлөө үзүүлнэ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй