Булганыхныг бензинээр хангаж яваа Ц.Анандбазарыг нэр дэвшүүлэх үү

Энэ оны УИХ-ын сонгуулийн тойрог дахь мандат хуваарилалтаар Булган аймаг дахин хоёр мандаттай болж байна. Тэгвэл тус аймагт хэн нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байгаа ч зарим хүн нэр дэвшихээр өнгөрсөн оны төгсгөлд Булганд “ажиллаж” будаа болгосон сурагтай.

Энэ тухайд хуульч Б.Гүнбилэг ийн жиргэжээ. “Нутаг яваад ирлээ. Сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүн мөнгийг найгүй цацжээ. Түүнд хайр зарлачихаж. Сүм бүрт мотоциклтой сугалаа, концерт, багийн дарга нарт шинэ мотоцикл, шинэ жил тэмдэглээрэй гээд 500 мянган төгрөг, 20-оод мянган хүнд 20 мянгатай бензиний карт. Мөнгийг нь авсан юм чинь саналаа өгнөө л гэнэ” хэмээн жиргэсэн. Мөн жиргээч Мөөгий “Хуучин оны бөгсөн дээр Огторгуйн цагаан гарьд гээд сан бараг байгууллага бүхнийг шинэ жилд нь дааж байна лээ. Өөрийн хөрөнгөөр гээд л цацаад байна дээ” гэжээ.

Тэгвэл Болдбаатар хэмээх жиргээч “Анандбазар нэр дэвшихээр хөдөө орон нутгаар хоёр хүний мишок, хоёр нүдний дуран бэлэглээд том том хонжвортой сугалаа явуулаад бөөн юм болж байна. Сугалаанд мотоцикл, эмээл, хазаар, ногт чөдөр, 100000, 400000-ын талон хүн бүрт 10000 төгрөгийн шатахууны талон өгсөн байна” гэв.

Ийнхүү Булганы сонгогчдыг оны сүүлээр бэлгээр дарсан нэр дэвшихийг горилогч нь “Сод Монгол”-ын Ц.Анандбазар аж. Хэдий тэрбээр ийнхүү Булганд хайр зарлаж байгаа ч түүнийг аль хэдийн тус аймгаас нүүр буруулсан гэдэг. Өмнө нь тэрбээр Булганых гээд тус аймгийн нутгийн зөвлөлд орж явсан ч 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө ааваараа Дорноговийнх гээд явж одсон гэдэг. Энэ тухай УИХ-ын гишүүн асан Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга Э.Мөнх-Очир нар ярьсаар буй.

Ц.Анандбазар 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн ч түүнийг сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж амжаагүй байхад нь бариад хорьчихож билээ. Сонгуулийн дараа түүнийг гэм буруугүй хэмээн сулласан байдаг. Тэгвэл энэ удаа Ц.Анандбазар дахин нэр дэвшихээр санаархаж яваа бололтой. Харин энэ удаад ээжийнхээ нутаг Булган аймгийг сонгож байгаа нь энэ аж. Гэвч намуудаас тойргуудад хэнийг нэр дэвшүүлэхээ судалж дуусаагүй байгаа. Гуравдугаар сарын сүүлээр хэнийг нэр дэвшүүлэх судалгааны дүн бэлэн болно хэмээн МАН-ын генсек Д.Амарбаясгалан ярьсан.

Харин Булган аймагт нэр дэвшиж магадгүй хүмүүст МАН-аас УИХ-ын гишүүн “сахал” хэмээх Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан, Нутгийн зөвлөлийн дарга Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл, АН-аас Олимпийн аварга Н.Түвшинбаяр, МҮХАТ-ын ерөнхийлөгшч О.Амартүвшин нарын нэр сонсогдож буй. Тэгэхээр Ц.Анандбазарын зөв харж уйлж, буруу харан инээсээр очсон Булганыхан түүнийг хүний хүн гээд дэвшүүлэхгүй байх магадлал өндөр байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ