
Монгол улс ардчилалд шилжсэнээс хойш олон нам байгуулагдаж, татан буугдаж ирсэн. Гэхдээ л тооны хувьд 30 гаруй нам хэзээ ч байсангүй. Тэгвэл эдүгээ намын тоо хэдийнэ 30 гарчээ. Сүүлийн гурван жилд л гэхэд 10-аад нам Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байна.
Монголын улстөрийн намууд дундаас МАН, АН хоёр голлох намд тооцогдоно. Эднээс бусад зарим нь тухайн намыг байгуулсан дарга нараараа овоглогддог. Тухайлахад Н.Энхбаярын МАХН, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын “Эх-Орон” нам, “Буян” Б.Жаргалсайханы БНН гэх мэт. Л.Гүндалайн байгуулсан намууд байна. “Ард түмний нам”, “Ард түмнээ хайрлая” нам гэхчилэн. Тэгвэл өнгөрсөн 2016 оны сонгууль болохоос өмнө манай ардчилагчид маань юмыг яаж мэдэх вэ хэмээн хувийн намуудаа байгуулж эхэлсэн сураг сонсогдох болсон. Тухайлахад АН-ын гишүүн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг “хармааны нам” болох Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-ыг байгуулсан хэмээн мэдээлж байлаа. Тус намын даргаар одоо Ерөнхийлөгчийн зөвлөх болсон Г.Уянга ажиллаж байсан бол жудоч, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нарын олны танил хүмүүс тус намд элсэж байлаа.
Түүнээс хойш АН болон МАН-д данстай хувь улстөрчид хармааны намуудаа байгуулах болж эдүгээ бүр түгээмэл болоод байна. Тухайлахад МАН-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Үнэн ба зөв” нам, АН-ын гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/ гээчийг байгуулуулжээ. Тэгвэл АН-ын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хүү Э.Одбаяр нь Г.Эрдэнэтөгс даргатай Зон олны нам /ЗОН/ хэмээхийн ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байна. Үүнээс улбаалан тус намын ард С.Эрдэнэ байгаа хэмээх хүн цөөнгүй байх аж. Мөн АН-аас хөөгдөж гарсан Ж.Батзандан, Л.Болд хоёрын байгуулсан ШИНЭ намыг ч Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож ярих хүн олон бий.
Ийнхүү ээлжит сонгуулийн босгон дээр Монголын улстөрийн намын жагсаалт 35-д хүрээд байна. Удахгүй өөо намууд бүртгүүлэхээр дуншиж байгааг тооцвол намын тоо удахгүй 40-д хүрэх бололтой.
2017-2019 оны хооронд байгуулагдсан шинэ намуудын жагсаалт:
- – Монголын хүний төлөө нам, 1135 гишүүнтэй, Р.Бат-Ялалт даргатай.
- -Үнэн ба Зөв нам, 819 гишүүнтэй, А.Отгонбаатар даргатай.
- – Зон олны нам /ЗОН/, 2022 гишүүнтэй, Г.Эрдэнэтөгс даргатай.
- -Дэлхийн монголчууд нам (ДМН), 1022 гишүүнтэй, Г.Тэмүжин даргатай.
- -Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, 1080 гишүүнтэй, Ц.Нарангэрэл.
- -Их эв нам /ИЭН/, 1056 гишүүнтэй З.Бат-Отгон даргатай.
- -Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/, 1023 гишүүнтэй, Б.Батсүх даргатай.
- -Миний Монгол нам /ММН/, 979 гишүүнтэй, Ж.Бат-Ирээдүй даргатай.
- -Монгол шинэчлэлт нам /МШН/ 1210 гишүүнтэй, Н.Жамсран даргатай.
- -Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/, 913 гишүүнтэй, Ж.Батзандан даргатай.
- -Зүй ёс нам /ЗЁН/, 1533 гишүүнтэй Б.Насанбилэг даргатай,
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй