С.Өнөрсайхан:Хийжүүлсэн ундаа тогтмол хэрэглэдэг хүүхдийн сэтгэн бодох чадвар муудаж, ой тогтоолтод нөлөөлдөг

2020-01-13

 Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Өнөрсайхантай хийжүүлсэн ундааны хор хөнөөлийн талаар ярилцлаа. 

-Хийжүүлсэн ундааны найрлага болон хүний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөний талаар та мэдээлэл өгнө үү?

 Хийжүүлсэн ундааны хор хөнөөлийг нь томчууд мэддэг хэрнэ өөрсдөө ч хэрэглээд үр хүүхдэдээ ч өгөөд байгааг нь судалсан олон улсын судалгаа байдаг. Тухайлбал, хийжүүлсэн ундааны гол агуулгыг бүрдүүлдэг CO2  буюу нүүрс төрөгчийн давхар исэл нь ундааны устай нийлэгжээд бөмбөлөг үүсгэснээр чихэрлэг таатай сайхан мэдрэмжийг хүнд өгдөг. Өөрөөр хэлбэл,  дахин хэрэглэх сэдлийг төрүүлэх  сайхан мэдрэмжийг өгдөг гэсэн үг.

Хийжүүлсэн ундааны хийг нь гаргачихвал хүн уудаггүй, уусан ч гоё биш байдаг. Дахин худалдан авах хэрэглээгээ өсгөх үүднээс хийжүүлдэг байх нь.

Мөн хадгалагч, нөөшлөгч, будагч, хүчилшүүлэгч гэх мэт нэмэлт бодис найрлагад нь ордог.  Кофеины бодис орсон нь  судалгаагаар ч  нотлогдсон  байдаг.  Энэ нь ямар учиртай вэ гэхээр хийжүүлсэн ундааг ууснаас хойш 40 минутын дараа мансууруулах бодис хэрэглэсэнтэй адил таашаалыг өгдөг. Click To Tweet Сургуулийн орчинд зарахыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад хийжүүлсэн ундааг оруулсан. Хориглоод байхад л хүүхдүүд болон насанд хүрсэн хүмүүс их хэмжээгээр хэрэглэж байна. Хадгалалтыг уртасгах зорилгоор нөөшлөгч бодисыг хэрэглэдэг. Цаашлаад будагч бодисыг нэмдэг. Хадгалагч, будагч, хүчилшүүлэгч бодис зэрэг маш олон Энэ олон E төрлийн нэмэлтүүдийг нэмснээс болж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

 Өдөрт ууж болох хэмжээнээсээ буюу 330 мл-ээс өндөр  хэмжээтэй хийжүүлсэн ундаа хэрэглэхэд л зургаан халбага элсэн сахар хэрэглэсэнтэй дүйцнэ.  Мөн фосфорын хүчил гэж бодисыг нэмэлтээр хийж өгдөг.  Уг бодис нь шүдний пааланг гэмтээдэг. Бид кола ундаагаар зэв болон цусны толбыг арилгадаг, цагдаагийн байгууллагууд угаагч бодисоор ашигладаг талаар ярьдаг. Энэ нь фосфорын бодистой холбоотой. Донтуулагч бодисын нөлөөгөөр зарим залуус хийжүүлсэн ундааг 2-3 литрийг ууж байна.  Залуучууд 1.5 литр колаг нэг дор уух нь энгийн үзэгдэл. Гэтэл үүгээр  дамжиж маш их хэмжээний сахар биед орж,  таргалалт, чихрийн шижин зэрэг өвчлөлүүдийн хүчин зүйл болж байна.

-Монголчуудын хувьд  хийжүүлсэн ундааны хэрэглээ ямар байна вэ. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?

-Америк хүний жилийн хэрэглээ 30 литр байдаг бол манай улсад нэг хүний хийжүүлсэн ундааны жилийн хэрэглээ 22.8 литр байна гэсэн судалгаа бий. Click To Tweet Хэрвээ хийжүүлсэн ундааны татварыг 20 хувиар нэмж өгвөл дээрх тоо 5 дахин буурах боломжтой. НЭМҮТ-өөс 2017 онд хийсэн  хоол тэжээлийн үндэсний  судалгаагаар хийжүүлсэн ундаа болон чихэрлэг ундааны хэрэглээ 5-17 насны хүүхдүүдийн дунд маш өндөр байгааг тогтоосон.

-Хийжүүлсэн ундааг тогтмол хэрэглэдэг хүүхэд, залуусын биед ямар өөрчлөлт гардаг вэ?

-Хүүхдэд хамгийн түрүүн таргалалтын шинж илэрдэг. Одоогоос таван жилийн өмнө  5-11 насны хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн. Дахин 2017 онд хийсэн хоол тэжээлийн судалгаагаар өмнөх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд таргалалт тав дахин өссөн байсан. Click To Tweet Таргалалтад нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий л дээ. Хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний бусад хэрэглээ гэх мэт. Гэхдээ хамгийн гол нөлөөлж байгаа зүйл нь хийжүүлсэн ундаа юм.

Зургаагаас дээш насныхан сургуулийн орчинд чихэрлэг ундаа хэрэглэж байна. Хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний хэт их хэрэглээ нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, нойрсох хугацааг багасгадаг. Сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж, ой тогтоолт муудах, ойлголт удаашрах сөрөг үр дагавартай. Дотоодын ундааны дундаж үнэ 1600 төгрөг бол импортын ундаа 6700 төгрөг байна. Үнэ хямд учир хэрэглээ өндөр байна. Багаасаа хийжүүлсэн ундаа хэрэглэсэн хүүхэд насанд хүрээд хорт зуршилд автах магадлал өндөр байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ