
Хоймрын жижиг, улаан авдарны дээр тавьсан зүйлээс илүүтэй дотор талд нь байгаа зүйл миний сонирхолыг татдаг байлаа, бага байхад. Ээжийг авдраа онгойлгох бүрт өнгийж хардагсан. Хүүхэд болсон хойно чихэр, сахар горьдож байгаа нь тэр биз. Харин аав минь өглөө бүр хоймрын авдар дээрх эд, зүйлсийн тоосыг арчиж, өдөр бүр хоол, цайныхаа дээжийг тавьж, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирдаг байв. Одоо ч хэвээрээ. Хоймрын авдар дээр миний мэдэхийн цагаан, ногоон Дарь эх, Жанрайсэг бурхан, зул, шар тос, арц, хүж, хүрднээс өгсүүлээд торго, дурданд боосон хэд хэдэн ном, судар байдаг юм. Тиймээс бид тэрийг бурхны авдар гэж нэрлэдэг. Шинэ сар, жилийн заслаа хийлгэхдээ тэдгээр ном, судартаа лам нарын гар хүргэдэг бол ганцханд нь огт салхи оруулдаггүй байв. Ямар учиртай зүйл болохыг аав минь одоогоос 19 жилийн өмнө хэлж байсан ч тухайн үед Монгол Улсын Үндсэн хууль гэдэг нэрийг тогтоосноос биш тэрхүү гар бичмэлийнх нь утгыг ухаж ойлгоогүй. Тэр үед би гуравдугаар ангийн сурагч байсан юм. Нэгэн өдөр аав минь хэдэн давхар даавуунд нямбайлан боосон зүйлээ задалж, үзэг, цаас нийлүүлж суусныг тодхон санаж байна. Энэ дүр зураг одоогоос хоёр сарын өмнө давтагдсныг харахад 19 жилийн өмнө аавыгаа юу хийж суусныг ойлгосон юм. Тухайн үед “дордуулсан долоон өөрчлөлт” гэсэн тодотгол зүүсэн заалтуудыг бичин хавсаргаж байсан нь тэр байж.
Сэтгэл нь ханаж, олзуурхсан нь
Монголчуудын хувьд 2019 оны арваннэгдүгээр сарын 14 утга учиртай, түүхэнд тэмэглэгдэх өдөр болж өнгөрсөн. Тодотговол, эл өдөр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж чадсан юм. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүн бүгд дэмжин баталсан. Үүнээс хэд хоногийн дараа буюу Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эцэг” хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх дээр Төрийн тамга дарж, нотлон баталгаажуулсан. Үүнтэй зэрэгцэн аав бичиг, цаасны ажлаа эхлүүлсэн дээ. Гурван жил цэргийн алба хаахдаа бичээч хийсэн болоод ч тэрүү гаргацтай, их гоё бичнэ. Нутгийн удирдлага, гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой болон парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрх, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангуулахаар оруулсан өөрчлөлтийг нэг бүрчлэн бичих зууртаа “Одоо ч арав, хорин жилдээ алзахааргүй боллоо. Төр, засаг минь тогтвортой, түмэн олон минь амгалан байх нь” хэмээн сэтгэл нь ханасан байдалтай хүүрнэв. Тэрбээр дээр дурдсан дөрвөн чиглэлд оруулсан бүх заалтын тухайд “Олон асуудлыг тодорхой болгосон. Оновчтой, зөв өөрчлөлт” хэмээн тодотгохын сацуу хоёр заалтад ихэд олзуурхаж байлаа.
Тодруулбал, Үндсэн хуулийн 6.2 “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасныг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж өөрчилсөн. Ингэж эх орныхоо байгалийн баялгийг ашиглах зарчмыг тодорхой болгосноор өнгөрсөн хугацаанд тогтвортой, нэгдмэл бодлогогүйгээр явж ирсэн дутагдал арилах учраас олон хүн аавтай минь адил баярлан олзуурхаж сууна. Мөн “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт дээр нэмж “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” хэмээн оруулсан нь улс төрийн намынхан төдийгүй олон нийтийн сэтгэлд ихээхэн нийцэж байгаа билээ.
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг бүрдүүлэв
“Эцэг” хуулийг сайжруулахдаа 1992 оны Үндсэн хуулийн хүрсэн түвшнээс унагахгүй байх зарчмаасаа хазайгаагүйн зэрэгцээ өмнөх долоон өөрчлөлтөөс зургааг нь засч, сайжруулснаараа давуу, ач холбогдолтой болсон. Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотойгоор УИХ тарах дөрвөн нөхцөлийг тодорхой болгож хариуцлагыг нь дээшлүүлсэн юм. Тодруулбал, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэвэл гишүүдийн гуравны хоёрын саналаар хууль тогтоох байгууллага өөрөө тарах ёстой. Мөн УИХ дахь олонхоос нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулах бөгөөд санал оруулснаас хойш 45 хоногийн дотор, УИХ Ерөнхий сайдыг огцруулснаас хойш, эсвэл Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс татгалзсанаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараана. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулчихаад олон cap гацааж томилохгүй уддаг байдал дахин гарахгүй болж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчвөл энэ нь эгүүлэн татуулах үндэслэл болно. Түүнчлэн УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 50-аас доошгүй ажлын өдөр хуралддаг байсныг 75-аас доошгүй болгохын зэрэгцээ хуулийг 39-өөс доошгүй гишүүн батлахаар зааснаар чанартай хууль гаргаж, тогтвортой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэв. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоож өгсөн.
Засгийн газрыг тогтвортой, тууштай ажиллах боломжийг бүрдүүлэв
Засгийн газрыг тогтвортой, тууштай ажиллуулах шаардлага бий болсон. Өнгөрсөн хугацаанд хоёр л Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажилласан бол 17 нь хугацаанаасаа өмнө огцорсон байдаг. Нэг Засгийн газрын бүрэн эрхийн дундаж хугацаа 1.8 жил байв. Ингэснээр аль нэгэн Засгийн газар эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж чадахгүйгээс үүдэн тасралтгүй үргэлжлэх төрийн ажил цалгардахад хүрсэн. Иймд энэ удаагийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ Засгийн газрыг огцруулах дөрвөн хувилбар байсныг багасгаж, нэг болгосон. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19-өөс доошгүй гишүүн санаачилбал арав хоногийн дотор хэлэлцэж, огцруулах эсэхийг нийт гишүүний олонхоор шийдвэрлэх юм. Мөн Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөхөөр болсон. Түүнчлэн Ерөнхий сайдаас гадна дөрөв хүртэлх сайд УИХ-ын гишүүн байж болохоор, мөн Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг УИХ дураараа нэмж, хасахгүй байхаар хуульд тусгасан. Эдгээр өөрчлөлтийг хийснээр гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой асуудал цэгцэрч, төрийн ажил тасралтгүй үргэлжлэх боломжтой болж байна.
Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангав
Энэ бол олон нийтийн туйлын хүсэл. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санал өгсөн иргэдийн 90 гаруй хувь нь шүүхийн шударга ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүссэн. Учир нь, үе үеийн Ерөнхийлөгч нэг, хоёр тоосго өрсөөр “шударга бусын хонгил” гээчийг бий болгосон гэдэг. Тухайлбал, 2013, 2015 онд шүүхийг өөрчлөн байгуулах үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчийг томилохдоо нэр бүхий 13 шүүгчийг томилохоос татгалзсан байдаг. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны хоёр шүүгчийг 2013 онд Хөвсгөл аймагт шилжүүлэн томилсон нь ч бас асуудал дагуулсан. Энэ мэтээр шүүгчийн хараат бус байдалд удаа дараа халдсан гэж хуульчид үздэг. Томилогдохоосоо эхлээд огцрох хүртэлх шүүгчийн хувь заяа зөвхөн нэг л хүн буюу Ерөнхийлөгчөөс шалтгаалах эрхийг Үндсэн бус ердийн хуулиар олж авч, “шударга бусын хонгил” бий болгосон учраас шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах зорилгоор хэд хэдэн асуудлыг цэгцэлж, тодорхой болгосон. Тодруулбал, ШЕЗ арван гишүүнтэйгээр дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай ажиллах бөгөөд гишүүдийн тав нь шүүгч байх ёстой бол үлдснийг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж томилохоор болсон. Мөн шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын болон бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллуулахын зэрэгцээ шүүхийг тойргийн журмаар байгуулж болохоор тусгасан. Ийн тодорхой тусгаж өгснөөр шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэр хангагдаж, дээр дурдсан шиг зүйл давтагдахгүйн сацуу шударгаар шүүлгэх иргэний эрх баталгаажиж байна.
Онцлон дурдснаас гадна төр, засгийг тогтворжуулж, улсын ирээдүйн хөгжил дэвшил, ард түмний сайн сайхан амьдралын баталгаа болсон, ач холбогдолтой олон зүйл заалтыг нэмж оруулсан “Эцэг” хуулийг ирэх тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цаг буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөх юм.
Оюутан, ахлах ангийн сурагчдад Үндсэн хуулийг заадаг болъё
1992 оны Үндсэн хуулийг 400 гаруй хүн 70 гаруй хоногийн турш хэлэлцэн мөн оныхоо нэгдүгээр сарын 13-нд баталснаар Монгол Улсын түүхийн нэгээхэн шинэ хуудас буюу нийгмийн хөгжил дэвшлийн үүдийг нээсэн билээ. Тэр үед аав минь “эцэг” хуулийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн бичиж, түүнийгээ нямбайлан баринтаглан хоймортоо залжээ. Түүнээс хойш өдгөө хоёр удаа буюу 2000, 2019 онд салхи оруулсан нь энэ байв. Тодотговол, аавын хойморт, бурхны авдар дээр залардаг “Эцэг” хууль алдаа, оноогоо дэнслүүлэв.
“Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн” гэж академич Б.Чимид гуай хэлсэн байдаг. Энгийн иргэнээс эхлээд төрийн түшээд хүртэл Үндсэн хуулиа мэддэг, дагаж мөрдөн, дээдэлдэг байх учиртай. Иймд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч болон их, дээд сургуулийн оюутнуудад “Эцэг” хуулийн талаар зааж, эрх, үүргийг нь ойлгуулах нь зүйтэй. Түүнчлэн морин хуураа гэртээ, өрөөндөө залдгийн адил, аав шиг минь айл, албан байгууллага бүр Үндсэн хуулиа хоймортоо залж, уншиж, судалдаг байхыг үүгээр дамжуулан уриалж байна.
С.Юмсүрэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй