
“Парламентын засаглалтай нэгдмэл улсад гүйцэтгэх эрх мэдэл нэг гарт байх ёстой гэсэн зарчим өнгөрсөн 30 жилд алдагдсан нь засаглалын хямрал нүүрлэх шалтгаан болж байна”.Энэ дүгнэлтийг судлаачид, улстөрчид хийсээр олон жил болсон.
2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр харин Монгол Улсын Засгийн газар танхимын зарчмаар ажиллах боломжтой болсон юм. Click To TweetТанхимын зарчим гэдэг нь Ерөнхий сайдын тэргүүлсэн сайд нарын хамтын байгууллага болох Засгийн газар байгуулагдах цагаасаа л нэг удирдлагатай, нэгдмэл санаа бодолтой байж, хамтдаа үүрэг, хариуцлага үүрэх ёстой гэсэн үг юм. Гэвч Монголын ардчилсан төрийн түүхэнд Засгийн газраа байгуулах цагаас эхлэн Ерөнхий сайд дангаараа эрх мэдэл авах эрхгүй, дандаа Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн оролцоотойгоор, эсвэл тэдэнтэй тохиролцож сайдуудаа бүрдүүлдэг байв. Тэр байтугай улстөрийн намууд дахь фракцуудын төлөөлөл Засгийн газарт багтаж, зөвхөн нэг бүлэг, хэсгийн эрх ашгийг хамгаалахаар ажиллаж ирсэн нь нууц биш.
Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн 39 дүгээр зүйлийн 4-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их хуралд тангараг өргөнө” гэсэн заалт шинээр орсон.Ингэж нэг танхимд ажиллах сайдуудаа өөрөө сонгож томилох эрх Ерөнхий сайдад ирснээр гүйцэтгэх засаглалын хариуцлага нэмэгдэж, сайдуудаа шахаж ажиллуулах, сайдууд нь итгэл хүлээлгэсэн Ерөнхий сайдынхаа нэрийг “баастахгүй” байх нөхцөл бүрдэж байгаа билээ.
Мөн 43 дугаар зүйлийн 2-т “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэсэн заалт орсон нь сайдууд нь фракцтайгаа хуйвалдаж, Ерөнхий сайдаа огцруулчихаад өөрсдөө үлдчихдэг байсан гажуудлыг дахиж гаргахгүй болсон гэсэн үг.
Ийм жишээ Монголд бий. Жишээ нь, 1999 онд Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулахад тухайн танхимд байсан сайдуудын нэгээс бусад нь Ерөнхий сайдаа огцруулах бичигт гарын үсэг зурсан бөгөөд тэд бүгд дараагийн Засгийн газарт үргэлжлүүлэн Click To Tweet ажилласан. Энэ бол гүйцэтгэх засаглал Ерөнхий сайдын удирдлагад байх ёстой гэсэн танхимын зарчмыг бүдүүлгээр зөрчсөн хамгийн том жишээ юм.
Улстөрийн өндөр соёлтой улс орнуудад фракцууд гэдэг ихэвчлэн бодлогын чанартай асуудлаар ажилладаг аж. Харин манайд эрх мэдэлд хүрэх зорилгоор фракцууд ажиллаж, түүнийг нь Үндсэн хууль дахь Ерөнхий сайд ба Засгийн газрын гишүүдийг УИХ томилж, чөлөөлөх заалт далд утгаараа дэмжиж байсан гэхэд буруудахгүй байх. УИХ-ын гишүүд нэг Засгийн газрыг огцруулчихлаа гэхэд дараагийнхыг бүрдүүлэх эрх нь мөн л УИХ-д байгаа учраас тэр.
Мөн Засгийн газрын танхимын гишүүд нийтээрээ УИХ-ын гишүүн байж болох заалт Үндсэн хуулинд бий. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн Гучин есдүгээр зүйлийн 1-д “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн чухал заалт орсон. УИХ-ын гишүүдийн хувьд Засгийн газрын гишүүн болж, “давхар дээл өмсөх” боломж нь хязгаарлагдмал учраас тэр бүр огцруулахын төлөө явахгүй гэсэн үг. Click To Tweet
Энэ бүхэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үнэхээр үнэтэй чухал заалтууд юм. Засаглалаа тогтвортой байлгахад том алхам, том агуулгын өөрчлөлт хийсэн учраас тэр. Дээр нь 1992 оны Үндсэн хуулиар Засгийн газрын тэргүүнийг огцруулахдаа хуралдаанд суусан гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг байсныг нийт гишүүний олонхиор шийдвэрлэдэг болсон гэх мэтчилэн ололттой заалтуудыг ч дурдах хэрэгтэй.
Өнгөрсөн 30 жилд нэг Засгийн газар дундажаар 1.7 жил ажиллаж, 27 Ерөнхий сайд томилогдож, 300 хүн сайдын суудалд суусан гэхээр гүйцэтгэх засаглал цаг үргэлж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан нь харагдана. Click To TweetСайдууд олон солигдохын хэрээр салбарын бодлого ч тогтворгүй болж, шинэчлэл, өөрчлөлт ч хийгддэггүйн нэгэн жишээг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцах үед өгүүлсэн. Хөдөлмөрийн харилцаа өөрчлөгдөж байгаа ч Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх гэж 10 гаруй жил ярьж байна. Шалтгаан нь ердөө л салбарын шинэ сайд ирэх бүртээ өмнөхийг үгүйсгээд, өөрөө дахин шинэчилсэн найруулга хийж,цаг алддагт гэнэ.Ганцхан энэ жишээнээс л салбарын сайдын тогтвортой байдал асар чухал байна.
Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээр дураараа дургих нэг хүн гарч ирэх вий гэсэн яриа хөөрөө ч гарсан.Үүнд хариулт болгож,УИХ-ын Хянан шалгах түр хороо болон төрийн аудитын байгууллага хоёр гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавихаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. УИХ-ын Хянан шалгах түр хороог нийт гишүүдийн 4/1-ээс доошгүй буюу 19-өөс доошгүй гишүүн санаачилбал заавал байгууж, нарийн асуудлыг нь хуулиар зохицуулах юм. Хуулиар Хянан шалгах түр хороонд хоёр эрх мэдлийг өгнө.
- Нэгдүгээрт, тодорхой баримт мэдээлэл гаргуулж авах
- Хоёрдугаарт, тайлбар мэдүүлэг авч болно
Жишээлбэл, агаарын бохирдлын асуудлаар тайлбар мэдүүлэг авч, бодит мэдээлэл өгөхийг шаардаж болно. Ингэхдээ агаарын бохирдол хариуцсан албаны хүнээс худал хэлбэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж сануулж байгаад тайлбар авна. Ингэж бодит мэдээлэл цуглуулаад дүгнэлт гаргаж, УИХ-д танилцуулах юм. Өөрөөр хэлбэл, тэрхүү дүгнэлт нь шүүх, мөрдөх ажиллагаа руу орохгүй, зөвхөн бодит мэдээллийг нэгтгээд олон нийтэд мэдээлнэ. Ингэснээр олонх шийдвэрээ гаргаж, цөөнх хяналт тавих парламентын засаглалын утга чанар гарч ирэх ажээ.
Зөвхөн эрх мэдлийн төлөө “дайтдаг”, ард нь бодлого орхигддог байдлыг зассан Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн зүйл, заалтуудын ач холбогдол, агуулгын талаар өгүүлэхэд ийм. Товчхондоо 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлт нь Монгол Улсын хөгжлийн ирээдүйн нэг баталгаа болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй