
Азийн улс орнуудыг ногоон эдийн засагтай болох, тэр дундаа тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн асуудлаар голчлон дэмжин ажилладаг Switch Asia хөтөлбөр 2007 оноос хэрэгжиж эхэлжээ. Харин Монгол улсын хувьд 2017 онд тус хөтөлбөрийн хоёр дахь шатыг эхлүүлээд байгаа юм. Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын дунд төрийн ногоон худалдан авалт, зарим үйлдвэрийн салбарыг ногоон болгох зэрэг багтжээ. Өнөөдөр төрийн ногоон худалдан авалтын сургалтыг БОАЖЯ, ТХҮ хөтөлбөр хамтран амжилттай зохион байгууллаа. Ногоон худалдан авалт, Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл гэж юу болох талаар Тогтвортой хөгжлийн 12 дугаар зорилго-Тогтвортой хэрэглээ,үйлдвэрлэл чиглэлээр 30 жил тасралтгүй ажилласан Данийн иргэн, Switch Asia хөтөлбөрийн олон улсын мэргэжилтэн Бёрн Бауэртэй ярилцлаа.
–Юуны өмнө өөрийнхөө талаар болон Switch Asia хөтөлбөрийн талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Тэгэлгүй яахав. Намайг Бион Баур гэдэг. Би Дани улсын иргэн.Тогтвортой хөгжлийн 12 дугаар зорилго болох Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл чиглэлээр 30 жилийн турш ажиллаж байна. Мөн сүүлийн 15 жилийн хугацаанд Азийн 15 улс орнуудад ажилласан. Тийм ч учраас би энэ бүс нутгийн талаар болоод газар зүйн байршил,хүмүүсийнх нь талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй гэж ойлгож болох юм. Надад Монголд байх,тэр дундаа дээрх чиглэлээр чадварлаг хүмүүстэй гар нийлэн ажиллах маш их таалагдаж байгааг дурьдахгүй байж болохгүй. Switch Asia хөтөлбөрийн хувьд 2007 оноос хойш Азийн улс орнуудыг хараас ногоон буюу хуучны бохирдол ихтэй үйлдвэрлэлээс байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлд шилжихэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Монгол улсын Засгийн газарт ногоон худалдан авалтыг нэвтрүүлэх, бэхжүүлэх, зарим үйлдвэрийн салбарыг ногоон болгоход нь дэмжлэг үзүүлж байгаа явдал нь ч энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг юм.
-Ногоон худалдан авалт гэж яг юуг хэлээд байна вэ, хар, ногоон хоёр нь хоорондоо ямар ялгаатай вэ?
-Бодит жишээ авбал яг юу болохыг нь тайлбарлахад илүү хялбар байх. Нэг сургуульд тавилга авах хэрэгтэй боллоо гэж бодъё. Чи төмөр эсвэл хуванцар хөлтэй, хуванцар тавцантай хамгийн хямдханыг нь авчихаж болно. Эсвэл түр азнаад, бодож болно. Тэгэхээр, энэ ширээг авбал дахин боловсруулах боломжгүй юм байна, эсвэл эвдэрчихвэл засч болохгүй учраас хаях хэрэгтэй болох юм байна. Надад өөр сонголт байгаа бил үү? Хэрвээ дотооддоо үйлдвэрлэсэн ширээг нь авбал эвдэрсэн ч гэсэн тухайн үйлдвэрлэгчээс нь засч өгөхийг хүсч болно шүү дээ. Хэрвээ цаашид ашиглах боломжгүй болсон ч зарим хэсгийг нь өөр юманд ашиглаж, эсвэл дахин боловруулах ч боломжтой юм байна гэх мэт бидэнд худалдан авалтаа сайжруулах маш олон арга бий. Мөн үүнээс гадна материалаар нь шилж сонгох боломжтой. Дахин боловсруулагдах боломжгүй хуванцар түүхий эдээр хийгдсэн хамгийн хямд материалтай хувцасны оронд эсвэл ирээдүйд үнэ цэнээ хадгалсаар байх, дахин боловсруулагдах боломжтой ноос, ноолууран хувцас авах гэх мэт.
–Монгол улсын хувьд ногоон худалдан авалтыг нэвтрүүлэхэд ямар шатандаа явж байна вэ?
-Бид сургалт болохын өмнөхөн сургуулийн тавилгыг авахдаа ногоон худалдан авалтын зарчмыг бодолцон үзэж, худалдан авах ажиллагааны явц сайжирсан зэрэг сонирхолтой жишээнүүдтэй танилцсан. Мэдээж бүрэн нэвтрүүлэх хүртэл маш урт зам бий боловч Европын улс орнууд мөн адил яг энэ цэгээс эхэлсэн. Дараагийн шатны хувьд ногоон бүтээгдэхүүнээр солих боломжтой бүтээгдэхүүнүүдээ тодорхойлох юм.
Хамгийн ойрын жишээ нь цааснаас эхлэх боломжтой. Цаас авахдаа тэр цаасыг хийхэд ямар нэгэн дахин боловсруулагдсан материал орсон эсэхийг асуу. Мэдээж цаас үйлдвэрлэхэд ашиглагдсан мод нь өөрөө тогтвортой тариалангийн хэсгээс хураагдсан байх хэрэгтэй.
Ногоон худалдан авалтыг нэвтрүүлэхэд зөвхөн техникийн талаас нь, худалдан авалтын шалгуурыг нь бус зохион байгуулалтын талаас нь харах явдал хамгийн чухал. Зохион байгуулалттай ажиллах гэдэг нь бидэнд алсын хараа, түүнд хүрэх хүчин чадал, стратеги хэрэгтэй. Миний хувьд хамтран ажиллагч улс орон бүртээ өгдөг зөвлөгөө гэвэл зохион байгуулалтын талаас нь харах хамгийн хялбар бүтээгдэхүүн буюу хамгийн доороос нь эхлэх хэрэгтэй юм. Ингэснээр бид ирэх жил, хоёр жилийн хугацаанд хамтдаа үүнийг хийж чадна гэж зөвлөдөг.
-Монгол улс шиг хөгжиж буй улс орнуудад ногоон худалдан авалтыг нэвтрүүлсэн туршлагуудаас бодит жишээ аван хуваалцаахгүй юу?
-Хамгийн сүүлд Монголоос хамаагүй олон хүн амтай Шри Ланка улсад ажиллаад ирсэн. Гэхдээ газар нутгийнх нь хэмжээг нь харвал бас л жижигхэн улс. Одоо Монголд хийж байгаа шиг ногоон худалдан авалтын чиглэлээр тэнд ажилласан. Тэгэхэд Шри Ланка улсын хувьд илүү алсын хараа буюу урт хугацаандаа хаана хүрэхийг зорьж байгаа, хаанаас эхлэх, эхэлсэн бол цаашид хэрхэн үргэлжлүүлэх стратегийн асуудлуудад анхаарч байсан. Харин одоо Шри Ланка улс бий болгосон стратеиа өөрсдийн хөрөнгөөр, өөрсдийн хүний нөөцөөр хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд ногоон худалдан авалттай болохоор ажиллаж байна. Нэгэнт үндэсний хэмжээнд нэвтрүүлчихвэл дэд төвшиндөө буюу мужууддаа нэвтрүүлэх нь тэдний хоёр дахь шат. Монголын хувьд бид тэнд хийгдсэн материалаас суралцаж болох боловч хуулж огт болохгүй. Монголын нөхцөл байдал Шри Ланка, Тайланд, Дани гээд бүгдэнгээс нь өөр. Тийм учраас загвар моделиудыг судалж, тэд нар ингэж хийсэн юм байна, тэгвэл бид ижилхэн хийе гэвэл яаж хийж болох вэ гэдгийг судлах хэрэгтэй гэсэн үг.Харин дараа нь хамтдаа хэлэлцсэний эцэст Монголын нийгэмд тохирох нэгийг нь сонгож авна гэсэн үг.
-Таны бодлоор манай улс ногоон худалдан авалт,үйлдвэрлэлийг нэвтрүүлэх явцад аль хэсэгт илүүтэйгээр төвлөрөх шаардлагатай вэ?
-Миний хувьд ихэвчлэн хамгийн чухал гэсэн аж үйлдвэрлэлийн салбарт голчлон төвлөрдөг. Энэ нь Монголын хувьд ноос, ноолуурын үйлдвэрлэл. Барууны зах зээл илүү ногоон, тогтвортой бүтээгдэхүүнийг авах хүсэлтэй болжээ. Үүнийг дагаад Монголын тогтвортой ноос, ноолуур үйлдвэрлэгчдийн зар сурталчилгаа ч тасрахгүй байна. Яагаад гэвэл барууны зах зээл үүнийг л хүсч байна шүү дээ. Тэгэхээр эхлэлээ үйлдвэрлэлийн салбараас тавихад тохиромжтой боловч үүнээс гадна Монголд маш олон шүүрч авах боломжтой сэдвүүд байгаа. Жишээлбэл, эрчим хүч үйлдвэрлэлийн салбар. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх олон янзын аргууд байна. Мөн бусад орнуудын туршлагаас харвал гүйцэтгэлийг нь сайжруулах боломжтой жижиг үйлдвэрүүд ч байна. Эцэст нь, Монголын хувьд бусад улсуудын адил өөрчлөлт хийх боломжтой олон асуудлууд байгаа.
– Та өөрийгөө Тогтвортой хөгжлийн зорилго-12 чиглэлээр 30 жилийн туршлагатай гэж танилцууллаа. Тэгэхээр энгийн хүмүүс, хотын иргэд энэ 12 дугаар зорилгыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
-Маш сайн асуулт байна. Тогтвортой хөгжлийн 12 дугаар зорилго 2015 онд баримт бичигт тусгагдсан боловч миний хувьд 1989 онд эрдмийн ажлаасаа хойш яг л ижил зарчим баримтлан, нэг дээвэр дор ажилласаар ирсэн. Таны мэдэж байгаачлан 12 дугаар зорилго нь 11 зорилттой. Тэдний нэг нь тогтвортой хэрэглээ байдаг. Энэ нь зөвхөн төрийн худалдан авалтын тухай биш юм. Энэ нь өөрөө хувь хүн бүрийн дадал, зуршлын тухай асуудал. Жишээ нь, бид fast fashion /хямд өртгөөр бүтсэн хувцасны цуглуулга/ худалдаж авдаг уу. Эсвэл шинэ цамц, даашинз авчихаад нэг, хоёр өмсөөд л цааш нь шидчихдэг үү. Click To TweetЭнэ бол ухаангүй хэрэг. Ингэснээр хэт их хэрэглээ бий болж, түүнийг дагаад тэр хэмжээний байгалийн нөөц зарцуулагддаг гэж ойлгож болно. Оронд нь бид яах ёстой вэ гэвэл, арай урт хэрэглэгдэх, ногоон бүтээгдэхүүнийг нь авах хэрэгтэй. Хоол, хүнсний хувьд жишээ авахад, Монгол улсад ихэнх хүнсний бүтээгдэхүүн өөр дээрээ органик гэсэн шошгогүй байдаг боловч органик гэдэг нь ойлгомжтой. Учир нь ямар нэгэн пестицид, химийн бодис хэрэглээгүй байдаг. Үүний зэрэгцээ гадаадаас импортоор орж ирдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа тахиа, гахай, хүнсний ногооны үйлдвэрийн газар нь тэндээ төрөл бүрийн химийн бодис, пестицид хэрэглэж байдаг. Тэгэхээр хувь хүн бүр өөрсдийн хэрэглээний дадал зуршлыг өөрчлөх замаар үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Мөн хог хаягдлын менежмент зэрэг бусад зорилгуудыг харвал мөн л адил хогоо яадаг билээ, зориулалтын цэгт нь хаядаг бил үү, эсвэл мөрөө давуулаад шидчихдэг бил үү гэдгээ бодох хэрэгтэй. Аялал жуулчлал Монгол улсын хувьд гурав дахь хүчин зүйл болжээ. Монгол баячууд олонтой болж байна. Баячууд их аялдаг. Яаж хаашаа аялах билээ, заавал онгоцоор явах шаардлагатай бил үү гэх мэтийг бодох хэрэгтэй.
– Гучин жилийн турш тогтвортой хэрэглээний чиглэлээр ажилласан хүний хувьд дэлгүүр явахдаа, ямар нэгэн эд зүйл худалдаж авахдаа их нягт, хянуур ханддаг болов уу?
-Мэдээжийн хэрэг. Зөвхөн би ч гэлтгүй манай гэр бүл, ажлынхан гээд бүгд тийм гэж хэлж болно. Тогтвортой хэрэглээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай компанийн хувьд 20 ажилтантай. Яг үнэндээ ажлын хэрэгцээнд хоол, хүнс худалдаж авахдаа хүртэл юу авч болох, юу авч болохгүй гээд маш нарийн дүрэмтэй. Улс дотроо ийш тийшээ явах бол дандаа галт тэргээр явна. Дашрамд хэлэхэд, Дани улс өөрөө маш жижиг газар нутагтай улс. Гэхдээ бид бүгд ийм байхыг зөвшөөрсөн учраас л ингэдэг, хэн нэгэн биднийг хүчлээгүй. Ямар нэгэн материал худалдаж авах бол амьдралын минь туршид эдэлгээтэй гэдгийг мэдэж байгаа учраас хамгийн сайн чанартайгаас нь авдаг. Мөн хэрвээ тавилга худалдаж авах хэрэгтэй бол мөн л адил амьдралын минь турш байж л байна гэдгийг мэддэг учраас Данийн алдартай архитектурын тавилгыг сонгодог. Би өөрөө XVI зуунаас хойш 420 жилийн настай гэрт амьдардаг гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Бид зүгээр л урт хугацааны дараа ч байж байдаг зүйлст дуртай. Энэ нь миний амьдралын хэв маяг болчихсон учраас fast fashion зэрэг хэт их хэрэглээтэй зүйл харахад их хэцүү байдаг. Одоо би ягааныг нь, маргааш цэнхэрийг нь өмсөнө гээд байвал утгагүй. Миний хувьд би мэдээж хөгшин учраас надад хамаагүй. Гэхдээ өмнө нь ч хамаагүй л байсан. Миний охид ч бас олон зүйлд дургүй.“Аливаа юмыг худалдан авахад үүнээс өөр үнэ цэнэ бий –тэр нь чанар” гэж хэлдэг дээ. Тиймээс энэ бол амьдралын хэв маяг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй