Хэвлэл мэдээллийн байгууллага Сонгуулийн хуулийн 46,48-д тусгасан заалтыг зөрчвөл ШӨХТГ-аас тусгай зөвшөөрлийг нь цуцална

2020-01-09

ШӨХТГ-аас Сонгуулийн тухай хууль болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Оны өмнө Сонгуулийн тухай хуулийг УИХ-аас баталсан. Уг хуульд сонгуулийн жил ШӨХТГ-ыг  гурван асуудалд хяналт  тавьж, зөрчсөн тохиолдолд арга хэмжээ авахаар хуульчилжээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48-д хууль бус сурталчилгааг хориглосон.

Тус хуулийн

  • 1.7-д хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглаж улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглоно.
  • Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.
  • 46.13-т Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална гэсэн заалтын хэрэгжилтэд ШӨХТГ хяналт тавьж ажиллах юм.

Тодруулахад, дээрх заалтууд нь сонгуулийн жил эхэлснээс хойш буюу энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хэрэв хэвлэл мэдээллийн байгууллага дээрх заалтыг зөрчвөл сонгуулийн санал хураалт дуустал тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг ШӨХТГ-аас авна гэдгээ хэллээ. Click To Tweet

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “Хэвлэл мэдээллийн байгууллагууд уг зүйл заалтыг зөрчвөл эхний удаа сануулга хүргүүлнэ. Харин хоёр дахь удаа ямар нэг сануулга хүргүүлэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад нь сонгуулийн санал хураалтын үр дүн гарах өдөр хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийг нь цуцал гэсэн дүгнэлт хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл зарим хэвлэл мэдээллийн сайт харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг бол бид ХХЗХ-нд үйл ажиллагааг нь зогсоо гэдэг дүгнэлтээ хүргүүлнэ. Ингээд тус байгууллага манай байгууллагын дүгнэлтийг үндэслээд үйл ажиллагааг нь зогсооно” гэв.

Тус хуулийг зөрчсөн мэдээ мэдээллийн талаарх гомдол, мэдээллийг 1800-1284 утсаар, нотлох баримт зэргийн хамт хэрэглэгчдээс хүлээн авч шийдвэрлэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ