Сонгуулийн жил дөнгөж эхлээд бүх нам,улстөрчид,горилогчид популизмд татагдан оров

2020-01-09

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ он гарах торгон мөчид “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ мэдэгдэл маргаашнаас л амилж, УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аар шийдвэр гаргуулахаа “баталгаатай” мэдэгдэв. УИХ-ын дарга байж гараагүй шийдвэрийг гарсан мэтээр зарласан нь парламентын спийкерийн хувьд хариуцлагагүй үйлдэл байв.Хуульчид ч энэ талаар үгээ хэлж байна.

Тэрчлэн ҮАБЗ-ийн гэх шийдвэрийг МАН-ын бүлэг, АН, ШИНЭ, МАХН, тэр байтугай бусдаас өөр, жинхэнээсээ хөгжлийн төлөө гэх пиар хийхийг оролддог ХҮН хүртэл битүүхэн дэмжив.Чөлөөт эдийн засагчид, судлаачид, либераль үзэл бодлын түүчээлэгч гэх мэт цөөн хүн уг шийдвэрийн буруу, зөрүүг нийтэд ойлгуулахыг хичээж байгааг эс тооцвол сонгуульд горилогсод нам, хүнгүй нийтээрээ бодлоо дотроо хадгалж, ил харагдах дүрээрээ дэмжих аястай.Өөрөөр хэлбэл,он солигдох мөчийн Ерөнхийлөгч Женко Х.Баттулгын хундаганы үг, үргэлжлээд Монголын төрийн өндөр төвшинд өрнөх “яаралтай горим”-ын үйл явдлууд 2020 оны сонгуулийн жилийг сүр их мөнгө, сул их амлалт, пологтмоор попролоор дарав. Хэн гэж тэнэг, ямар зоригтой нам нь “Тэтгэврийн зээл тэглэх”-ийг эсэргүүцэж зүрхлэх билээ дээ.Бүгдээрээ эрхэм сонгогчид (эрхэм сонгогч гэх үг сонгуулийн өмнө ихээхэн цохилттой сонсогддогийг анзаарсан биз!!!)-оосоо санал гуйж очих юм чинь амлалт, попролыг дагаад л намирахаас өөр яалтай. Давуулж амлавал, дахиж шаардаж чадвал бүр гоё.

Популизмын загалмайлуулсан хүү гэмээр харагддаг ШИНЭ-ийн дарга Ж.Батзандан,түүний суганд орсон Лу.Болд нар “Зээл аваагүй ахмадуудад юу ч өгөхгүй хуулийн төсөл. Зээл авсан нь хожино, зээл аваагүй нь хохино гэсэн хуулийн төсөл байна. 750 тэрбум төгрөгийн ахмадуудад өгөх гэж байгаа бол бүх ахмадад олгох хэрэгтэй” хэмээн хоолойгоо шахав. Ингэж хэлснийх нь төлөө яаж мэдэхэв, зээлтэй 228.6  ахмадаас гадна зээлгүй ахмад тэр сайн хөвгүүдэд баярлана гэж боджээ. Популист улстөрчид аль болох хүний зүрхэнд хүрэхийг эрмэлздэг болохоор тэд байгаа оносон байх. Гэлээ ч ШИНЭ  МАХН шиг илүү тод дуугарсангүй. МАХН:Тэтгэврийн зээл тэглэхийг дэмжиж байна, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн урамшуулал олго гэж мэдэгдэв. 10 сая, багадаа хоёр сая төгрөгийн тэтгэврийн зээл тэглүүлэх гэж байгаатай харьцуулахад бага мөнгө хэдий ч тодорхой тоо бол тод л сонсогдоно. Аль өнгөрсөн жилээс, Женкогийн хундаганы үг сураггүй байхад МАХН, ШИНЭ хоёр нам популистаараа дуудуулж байсан бол одоо тэд хол хаягдах гээд байна. Тиймээс дэмжинэ, гэхдээ гэж заавал дуугарахгүй бол болохгүй.

АН-ын дарга С.Эрдэнэ “Тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг ямар ч тооцоо судалгаагүй гаргалаа” гэж мэдэгдэнгүүтээ араас нь хэлээ хазаж, тун удалгүй АН тэр шийдвэрийг дэмжихээ амлалаа.Сонгуулийн жил шүү дээ.

МАН эрх баригч нам, тэгээд ч ҮАБЗ-ийн хоёр гишүүн нь МАН-ынх байхад яаж эсэргүүцэхэв.Хундаганы үгийг ажил хэрэг болохоор яаралтай хуралдаж, ямар ч байсан бүлэг нь,байнгын хороо нь дэмжээд,өнөөдөр УИХ-аар хэлэлцэх гэж байна. Хэрвээ “Ерөнхийлөгчийн үгийг дэмжихгүй, эдийн засгаа унагаана,ирээдүйдээ өр тавилаа” гэх мэтээр шинжлэх ухаанч үг хэлбэл “Ард түмнээ боддоггүй”, “тэтгэврийн хэдэн хөгшнийг ад үзлээ, өөрөө хэдэн тэрбумаар  идэж, уучихаад” гэх мэтээр дайруулж,баалуулна.Тиймээс  дууугүйхэн толгой дохих, болж өгвөл дэмжихээс өөр гарцгүй.

Ингэж шинэ он гарах мөчид хэлсэн хундаганы үг бүх нам, улстөрчид, горилогчдыг популизмд /Иргэдийн зовлонг нимгэлж, өр өвдөм амьдралыг өөд татах амлалт/ татан оролцуулж, гарах гарцгүй болгов.

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд цагаан сараас өмнө Монголбанк 850 тэрбум төгрөг хэвлэж, банкуудад зээлийн төлбөрт өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд үүний хор уршиг нь мөнгөний ханш унаж, үнэ өсөх байдлаар илэрнэ хэмээн эдийн засагчид сануулж байгаа ч улстөрчдийн галт тэрэг аль хэдийнэ хөдөлсөн.

Сонгууль болтол зургаан сарын хугацаанд 850 тэрбумыг давсан амлалт хэд ч гарч ирж, юу юу өрнөж, эцэст нь ер нь Монгол Венесуэль шиг болчихгүй л бол их юм болох бололтой.

Их хэмжээний сул мөнгө хэвлэж, зах зээлд тараах хэрээр мөнгөний илүүдэл үүсч,илүүдсэн мөнгө зүгээр цаас болж, улмаар юмны үнэ өсдөгийг эдийн засагч, судлаачид сануулж байгаа. Венесуэльчууд ганц талх авахын тулд тэргэн дээр боодол боодлоор мөнгө түрж явдаг зураг харсан л биз дээ.Яг л хуучирч урагдсан ном,сонингууд шатаах гээд авч яваа мэт

Тоймч Г.Нарангарав

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Гэгээлэг  санаа  ардчилалын суурь  үндсэн  хуулиа  зөрчиж эхэллээ.Зарим  ахмадууд   өчигдөргүй  өнөөдөр байгаа юм байна.  Тэнэг  талцал.  МАН  унах  эхлэл.

Холбоотой мэдээ