• Хэлэлцүүлэг:Тэтгэврийн зээл тэглэхийн тулд Монголбанк 850 тэрбум төгрөг хэвлэвэл эдийн засаг ганхана

    2020-01-08

    Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Ерөнхийлөгчийн гэнэтийн шийдвэр үндсэндээ биеллээ олохоор шуударлаа. Засгийн газар яаралтай горимоор тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг энэ долоо хоногт хэлэлцэж, эцэслэн батална.

    Тэтгэврийн зээлийн хүүг тэглэхтэй холбогдуулан Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс “Тэтгэврийн зээлийг тэглэх:Үр дүн ба үр дагавар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт уул уурхайн эдийн засагч Б.Наранбаатар, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Оюунтөгс, Ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар оролцон, байр сууриа илэрхийлэв.

    Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байна. Нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй. Зээл авсан ахмадуудын 90 хувь нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй байгаа ажээ.

    Засгийн газрын хуралдаанаар зургаан саяас доош төгрөгийн зээлийг зуун хувь чөлөөлж, түүнээс дээш зээлтэй бол хувилан тооцох талаар ярилцсан ч Ерөнхий сайд ялгавартай хандахгүй байх үүднээс зээлтэй бүх ахмадуудыг хамруулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа юм.

    Тэтгэврийн зээлийг тэглэхэд өнөөдрийн тооцоо судалгаагаар 853 тэрбум төгрөг хэрэгтэй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл 776 тэрбум төгрөг байсан.

    Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг яаж, ямар эх үүсвэрээр тэглэх вэ  гэхээр Монголбанкнаас санхүүжүүлнэ.  Салхитын мөнгөний ордыг барьцаалж Хөгжлийн банк бонд гаргана.  Тэрхүү бондыг арилжааны банкууд худалдаж авна. Бондын төлбөрийг Монголбанк Салхитын ордыг эргэлтэд оруулж, дэлхийн зах зээлд мөнгө, зэсийг нь зарсны дараа арилжааны банкуудад мөнгийг нь өгнө гэсэн схемийг боловсруулсан.

    Өөрөөр хэлбэл, Монголбанк дахин мөнгө хэвлэж эхэлнэ гэсэн үг.Тэтгэврийн зээлийг тэглэж байгаатай адил арга хэмжээг 2012-2016 онуудад авч байсан нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр юм. Монголбанк үнийг тогтвортой байлгахын тулд мөнгө хэвлэж, компаниудад зээлсэн.

    ТУХАЙН ҮЕД МОНГОЛ УЛС

    • Хөгжлийн банк их хэмжээний зээл гаргасан
    • Монголбанк мөнгө хэвлэсэн
    • Улсын нэгдсэн төсөв гэсэн гурван төсөвтэй байсан. Гэвч хоёр гуравхан жилийн нөлөөтэй түр зуурын арга хэмжээ байж, үр дүнд 2017 оноос инфляцийн төвшин өссөн.

    Яг үүнтэй адилаар Монголбанк дахин төсөв бий болгож мөнгө хэвлэх гэж байгаа нь 6.6 хувийн өсөлттэйгээр тогтворжиж эхэлсэн эдийн засгийг ганхуулах  эрсдэлийг  бий болгож байгаад эдийн засагчид шүүмлэлтэй хандаж байна.

    Тэтгэврийн зээлийг тэглэх мөнгө хаанаас гарах вэ Монголбанк өмнө нь мөнгө хэвлэж  байсан үйлдлээ давтаж дөнгөж тогтворжиж эдийн засгийн өсөлт 6.6 хувь болж байгаа энэ үед дахин давхар төсөв гаргаж байгааг судлаачид шүүмжлэлтэй хандаж байна.

    Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми: Богино хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж  тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэснээр асуудал шийдэгдэхгүй.  Тэтгэврийн зээлийг тэглэлээ гээд ахмадуудын амьдралд ямар ч ахиц өөрчлөлт бий болохгүй. Урт хугацааны шийдэл бол тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэх юм. 1990-ээд онд тэтгэвэрт гарсан хүмүүс хамгийн бага буюу 310 мянган төгрөгийн тэтгэврийг сар бүр авч байна. Шинээр гэрлэгсдийн 500 мянга, хүүхдийн мөнгө гэх мэт халамжийг авснаар бидний амьдрал яаж өөрчлөгдсөн бэ гэж өөрсдөөсөө асууя . Дараа нь зээл тэглэхэд зарцуулах 800 тэрбум төгрөгийг нийт ард түмнээрээ төлнө.

    МУИС-ийн багш Б.Отгонтөгс: 2024 он хүртэл бид их хэмжээний гадаад өр төлнө. Гэтэл Монголбанкны гадаад валютын албан нөөц ердөө 3.9 тэрбум ам.доллар байна. Энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Арай гэж тогтворжиж, 6.6 хувийн өсөлтөд хүрч, төсвийн бодлого нь цэгцэрч байсан Монголын эдийн засагт маш сөрөг үр нөлөө дагуулах шийдвэр болоод байна. Үүнийг дараах гурван зүйлээр тайлбарлъя.

    • 850 тэрбум төгрөгийн зээл төлөхөд хэлцлийн зардал, гэрээ, Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулах гэвэл нийтдээ нэг их наяд төгрөгийг энэ шийдвэрийн хүрээнд эдийн засагт оруулна. Үр дүнд нь инфляц нэмэгдэнэ.  Жишээлбэл, 100 төгрөгийн 79 төгрөгөөр нь шатахуун, барилгын материал бусад хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг.  Тэгэхээр доллар, юань төгрөгийн эсрэг улам чангарна.  Эдийн засагт бэлэн мөнгө тараах энэ мэт шийдвэрийн нөлөө эдийн засагт зургаан сарын дараа мэдрэгддэг нь судалгаагаар нотлогдсон. Тэгэхээр ирэх долдугаар сард инфляц нэмэгдэх нь. Та  90 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 100 төгрөгөөр авдаг болно гэсэн үг.
    • Нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд бус далд нөлөөлөл гэж байдаг нь   ёс суртахууны гажуудал. Юу гэсэн үг вэ гэхээр иргэдийн дунд  төр миний зээлийг төлөх байх гэсэн хүлээлт бий болдог. Өөрөөр хэлбэлк,  зээлээ төлөхөө болих, цаашлаад цалин, ипотекийн зээлийг тэглэх хүлээлт насанд хүрсэн 2 сая хүнд үүсгэж, гэрээний дагуу, зөв явж байсан үйлдлийг гажуудуулах вий гэсэн болгоомжлол байна. Үүний цаана банкны салбарын тогтвортой байдал яригдана.  Нөгөө талаар, бодлогын хүү 11, зээлийн хүү 17 орчим хувьд байхад 6 хувийн хүүтэй бондыг алсын хараатай банкууд бол авахгүй. Тэгэхээр их хэмжээний яриа хэлэлцээ хийж байж арилжааны банкууд авах байх. Хөгжлийн банк үүнд баталгаа гаргаж байгаа. Гэтэл 100 төгрөгний баталгаа гаргасан төсөл нь хэрэгжээд уурхайг олборлоод, дэлхийн зах зээлд зараад 7-8 жилийн дараа олох мөнгө нь 20 төгрөг байвал яах вэ. Тиймээс эцсийн дүндээ Засгийн газар, Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банкны хариуцах асуудал болно.
    • Орлогын хуваарилалтын тэгш бус байдал бий болно. Төрөөс зөвхөн ахмадуудынхаа амьжиргааг дэмжчихээр нийгмийн бусад бүлэгт тэгш бус хандаж буйн илрэл.  Төрөөс аливаа бодлого явуулахдаа эдийн засгийн тэгш байдлыг хангах, орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар:Тэтгэврийн зээлийг тэглэх гээд байгаа 800 тэрбум төгрөгөөр бодитой юм хийж болно. Аж үйлдвэрийг хөгжүүлэх, дэвжүүлэх төслүүдэд зарцуулах байлаа. Түүнээсээ тэтгэвэр тэтгэмжээ нэмэх боломжтой.   Харамсалтай нь ингэж чадахгүй байна. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг би эсэргүүцээгүй. Тэгш бус байдлыг үүсгэж байгаа нь эгдүүцэж байна. Хариуцлагатайгаар зээлээ төлж явсан ахмадуудыг яагаад хөшигний цаана үлдээгээд байгаа юм. Цаашид нэг удаагийн тэглэлт биш тэтгэврийн урт хугацааны шинэчлэл бидэнд хэрэгтэй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ