Продюсер Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарт туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян эхлүүлжээ

2020-01-07

“Sweetymotion” хамтлагийн , “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д оны өмнө элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон.  . Түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай донор нь болсон юм.  Хосууд хагалгааны  дараах эмчилгээг БНСУ-д хийлгэж байгаа бөгөөд  санхүүгийн хүндрэл үүсэж эхэлсэн  байна. Тиймээс Монголын урлаг соёлынхон нэгдэж хандивын аян өрнүүлэх санаачлагыг гаргажээ.

”Бөртэ”, “Алтай” хамтлагийн продюсер Д.Ганпүрэв аяныг санаачлан “Хос зүрхээ хамгаалъя” фэйсбүүк групп үүсгэсэн байна.

Тэрээр өөрийн нүүр номондоо “Бид Ц.Сарнайтай холбогдож байгаа. Хагалгаа амжилттай болсон ч өдөр тутмын эмчилгээний зардал дутсаны улмаас хүмүүсээс зээл авч, эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юм билээ. Энд зөвхөн нэг хүний эмчилгээний асуудал бус хоёр залуу хүний, хоёр сайхан уран бүтээлчийн амь насны асуудал яригдаж байна. Хагалгаа хийснээс хойш Чинбаа, Сарнай хоёрт эмчилгээгүй өнжсөн өдөр гэж байхгүй. Тэр бүхэн мөнгөөр хэмжигдэж байгаа. Өндөр өртөг төлбөртэй тул цаашдаа санхүүгийн байдлаасаа болж эмчилгээгээ хийлгэж чадахааргүй нөхцөл байдал үүсээд байгаад харамсаж байна.

Хэрэв эмчилгээ нь долоо хоног тасалдвал бид тэднээс хагацаж ч магадгүй ийм эрсдэлтэй байдалд хүрчээ. Иймд олон нийтээс дэмжлэг авахаас өөр аргагүй боллоо. Монголын рок, попынхон, ардын хөгжмийнхөн, бусад уран бүтээлчид гээд тоглолт зохион байгуулах баг бүрэлдэхүүн хуралдаж, тоглолт хийх товоо тогтоно. Монголын ард түмэндээ авьяаслаг, залуу уран бүтээлчийнхээ амь насыг аварч үлдэхэд сайхан сэтгэлийн тус дэмээ зориулахыг уриалж байна” гэжээ.

Уран бүтээлч хосод  туслах хүмүүс Ц.Сарнайтай /Sarnai singer/ холбогдож болно. Мөн: Хаан банкны 5212071351 Цогтбаяр Сарнайн дансанд гүйлгээний утга дээр нэр, утасны дугаараа бичээд хандив илгээх боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ