Иргэний шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс түр зогсооно

2020-01-07

Ирэх зургадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр УИХ-ын ээлжит сонгууль болно.  Яг хэдний өдөр санал хураалт явуулах вэ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм. Сонгуулийн санал хурааллтай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс түр зогсоохоор УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар хуульчилсан.

Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс сонгуул болсны дараах өдрийн 00:00 цаг хүртэл Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох юм. Энэ хугацаанд аймаг нийслэл, сум хороодын хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэхгүй. Харин сонгуулийн саналт хураалтын маргааш шилжилт хөдөлгөөн хэвийн хийж болно гэсэн үг юм.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН  24 дүгээр зүйл. Сонгогч шилжих

  • 24.1.Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
  • 24.2.Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.
  • 24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

25 дугаар зүйл. Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох

  • 25.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
  • 25.2.Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.
  • 25.3.Нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 25.1, 25.2-т заасан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
  • 25.4.Ээлжит бус, нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан эрх бүхий байгууллага тухайн шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ