
Бидний амьдарч буй орчны гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, хашаа, хашлага, зам, хаягжилт, баригдаж байгаа барилга, байгууламж гээд бүх зүйл стандарттай, стандартын дагуу баригдсан байх ёстой. Стандарт байдаг боловч түүнийг дагаж мөрддөггүй эсвэл огт стандартгүй зүйлс ч байна. Тиймээс нийслэлээс эхний ээлжинд “Нэг ХоТ-Нэг стандарт” зорилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбайг стандарттай болгох, баригдаж буй барилгын хамгаалалтын хашааг стандартын дагуу барих шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагад тавих ажээ. Click To Tweet
Нийслэлээс зургаан дүүргийг сонгон баригдаж буй томоохон зургаан барилгад хяналт хийхэд тухайн барилга доогуур давтагдсан тоогоор өдөрт зорчиж буй 23 мянган иргэний амь нас эрсдэлтэй байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, тухайн зургаан барилга хамгаалалтын хашаагаа стандартын дагуу бариагүй, өндрөөс барилгын материал уналаа гэхэд доогуур нь явж байгаа иргэний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэлд учруулах хэмжээнд байна гэсэн үг. Тиймээс нийслэл Мэргэжлийн хяналтын газартай хамтран ирэх сарын 1-ний дотор Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй 379 барилгын гадна талын хашаа, хайсыг стандартыг дагуу хийх ёстой гэсэн мэдэгдлийг компаниудад хүргүүлж, зургадугаар сарын 1-н гэхэд бүрэн хийж дуусгах үүргийг өгөх юм.
Улаанбаатар хот өмнө нь хотын стандартын баримт бичиггүй байсан. Тэгвэл нийслэлээс хотын стандартын баримт бичиг гэх гурван товхимол гаргажээ. Мөн энэ жил 22 нэр төрлийн хотын стандартын баримт бичиг нэмж хийхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай хамгийн аюултай орчин болжээ. Click To TweetНийслэлд байгаа хүүхдийн тоглоомын талбайнуудын 300 орчим нь эрсдэлтэй гэх судалгааг гаргасан байна. 2017,2018 онд ГССҮТ-д тоглоомын талбай дээрээ тоглож байгаад гэмтэж ирсэн хүүхдийн тоо хоёр дахин өссөн нь хүүхдийн тоглоомын талбай ямар аюултай орчин болсныг илтгэж байна. Тиймээс хүүхдийн тоглоомын талбайг стандарттай болгож, түүнийг мөрдүүлэх ажлыг эхлүүлнэ.
НЗДТГ–ын Тѳрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд “Өнгөрсөн арван нэгдүгээр сард “Хот хот-нэг стандарт” зөвлөгөөнийг 2 үе шаттай зохион байгуулсан. Зөвлөгөөнд 2,300 гаруй хүн оролцсон. Бид 2020 онд олон улсын стандартад нийцсэн дүрэм журмыг иргэдийн оролцоотойгоор явуулахаар төлөвлөөд байна. Хотын амьдралын бүхий л салбарт стандартыг дагаж мөрдүүлэн ажиллахаар болсон.
Түүнчлэн “Хот хот-нэг стандарт” зөвлөгөөний үеэр гарсан саналын дагуу 2019 оны арван хоёрдугаар сарын 20-ноос эхлэн нийслэлийн хэмжээнд хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын дунд болзолт уралдаан зарласан. Уралдааны дагуу хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг улирал бүр үнэлэлт, дүгнэн урамшуулах тогтолцоонд шилжсэн. Тухайн хорооны нутаг дэвсгэрт стандартын норм, дүрэм хэрхэн мөрдөгдөж байгаад хэсгийн ахлагч нар хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах тал дээр удирдлагууд нь үүрэг хүлээнэ” гэлээ.
Болзолт уралдааны дагуу хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг урамшуулахад нийт 345 сая төгрөг төсөвлөсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй