Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж байхаар хүүгүй болгочихвол илүү үр дүнтэй

2020-01-06

Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийн  800-гаад тэрбумыг тэглэх Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилээр хэлсэн үг “амилж”, Засгийн газар,УИХ-ын төвшинд өндрөө аван яригдаж байна.

Мөн уг асуудал нэн яаралтай шийдэгдэх нь нэгэнт тодорхой болж,УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр буюу амралтын өдөр хүртэл мэдээлэл хийв.

УИХ-ын дарга  Г.Занданшатарын хэлснээр, энэ шийдвэр  улстөрийн ямар нэг зорилгогүй. ҮАБЗ нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой зөвлөмж, үүрэг даалгавар өгөх үүрэгтэй учраас тэтгэврийн хүүг тэглэх зөвлөмж л гаргасан гэв.

Судалгаагаар тэтгэврийн зээл  нэгд, нийгмийн хамгийн эмзэг хэсэгт хамаарч байна.  Хоёрт, тэтгэврийн зээл тэтгэвэр авагчдын нийгмийн байдлыг дордуулж байна. Гуравт, тэтгэвэр бол ахмадын амьжиргааны гол эх үүсвэр. Гэтэл зээлийн хүү нь өндөр тул 1-2 жилээр зээл авсан ахмадууд орлогогүй болсон байна. Монголын өнөөдрийг бүтээсэн ахмад буурлууддаа төр, түмэн аль аль нь ач санах л учиртай гэж бодож байгаагаа ч УИХ-ын дарга хэллээ.

Тэтгэврийн зээл авсан  хүмүүсийн 86 хувь нь хэрэглээндээ, үр хүүхдэдээ зориулдөг бөгөөд ихэвчлэн хүүхдийн сургалтын төлбөр, үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садны гуйлгаар зээл авсан байдаг гэнэ.  Тийм л учраас нэг удаа уг зээлийг тэглэхээр шийдсэнээ хэллээ.

Мөн УИХ-ын даргын үзэж байгаагаар бол, байгалийн баялаг ард түмний өмч учраас Салхитын мөнгөний ордын ашгийг ард түмэндээ зориулж, тус ордын баялгийг олборлоод Монголбанкинд тушааснаар валютын нөөц нэмэгдэнэ. Энэ нь ирэх жилүүдэд улсын өр зээлийг төлөхөд тустай гэлээ. Зээлээ тэглүүлсэн ахмадууд 2-р сараас эхлэн тэтгэврээ авч эхлээд түүгээрээ үндэсний үйлдвэрлэлийг бүтээгдэхүүн авч “Сар шинэ”-ээ тэмдэглэх гэнэ.

Уг нь ҮАБЗ-өөс хуулийн дагуу зөвлөмж гаргадаг ч түүнийгээ шийдвэр гээд байх аж. Улсын хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг хуулиараа УИХ шийдэж Засгийн газар хэрэгжүүлэх ёстой.

Энэ мэтээр ҮАБЗ-ийн уг шийдвэртэй холбоотой асуудлыг олон хүн янз бүрээр л тайлбарлаж байна. Уг шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга “ХААН” банкны ихэнх хувийг худалдаж авсан, тиймээс хувийн банкаа дэмжиж байна гэх хардлага ч байна.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан гэхэд л “Тодорхой банкуудыг дахин санхүүжүүлж зээл авах, тэтгэврийнхний нэрийг ашигласан, тэтгэврийнхнийг ялгаварласан, санхүүгийн луйвар биш үү” хэмээн жиргээндээ байр сууриа илэрхийлжээ.   Мөн зарим хүн Ерөнхий сайд одоо болтол дуугүй байгааг бодоход дэмжихгүй байгаа юм болов уу хэмээн таамаглаж байна. “Монгол улс гүйцэтгэх засаглалын урдуур ордог Ерөнхийлөгчийн засаглалтай болчихсон юм уу” гэх нь ч байна.

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж байхаар хүүгүй болгочихвол илүү үр дүнтэй Click To Tweet

Үүнтэй холбоотой хэлэхэд тэтгэврийн зээлийг хүүгүй л олгочихмоор санагдана. Хүн насан туршдаа ажил хийгээд тэтгэвэрт гарахаараа хэрэглэх  гэж мөнгөө хадгалуулсан л хэрэг. Гэтэл өнөөх мөнгийг нь банкууд бөөн хүү нэмээд буцаагаад өөрт нь зээлнэ. Уг нь хүүгүй болгочихвол бүх ахмаддаа хүртээлтэй бөгөөд  ялгаварлаагүй шийдвэр болох юм.

Сонгуультай огт хамаагүй гэдэгт ч тайлбар хийж болно. Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших үед дэвшүүлсэн АН-ынхан нь ахмадууд, оюутнууд зэрэг нийгмийн хэсэг бүлгийнхний зээлийг тэглэх тухай санал тавьж байсан. Мөн Н.Энхбаярын МАХН өнгөрсөн оноос энэхүү зээл тэглэх асуудлыг ирэх сонгуулийн гол хөзрийнхөө нэг болгоод Ерөнхийлөгчид хандан асуудлыг тавиад эхэлсэн. Тэгэхээр энэ шийдвэр улстөргүй гэдэгт итгэх арга алга.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хүн болгон бодох эрхтэй. Гэхдээ бодлоо шийдвэр болгох эрх цөөн хүнд байдаг. Яагаад гэвэл манайх төлөөллийн ардчилалтай улс. Тэр улсуудаа сонгуулиар сонгодог. Одоогийн улсын толгойд байгаа эрхэмүүд бол 90-н оноос хойшхи Монголын түүхэнд байгаагүй эх оронч улсууд. Ийм сайхан мэдээг дуулж байгаагүй учраас нийгмийн зарим хэсэг шоконд ороод байх шиг байна. 

Холбоотой мэдээ