• Технологийн чиг хандлага 2020 онд:Нугардаг дэлгэц, квант компьютер

    Ирэх 12 сард технологийн салбарт ямар өөрчлөлт гарах вэ?

    Сансрын хөлгөөр задгай сансарт аялна

    2011 онд НАСА-гийн Шатлл сансрын хөлөг хамгийн сүүлийн аяллаа хийснээс хойш АНУ-ын сансрын нисгэгчдээ Оросын сансрын хөлгөөр Олон улсын сансрын станцад хүргэж байгаа юм. Ийнхүү Оросын сансрын хөлгийг ашиглах бүртээ 55-86 сая ам.доллар төлдөг.Тэгвэл 2020 онд АНУ-ын сансрын нисгэгчид өөрсдийн хоёр ширхэг сансрын хөлгөөр аялах боломжтой боллоо. Эхнийх нь “Боинг” компанийн бүтээсэн “Starliner” сансрын хөлөг нь задгай сансарт долоон сансрын нисгэгчийг тээвэрлэх хүчин чадалтай. Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр “Starliner” хөлөг нисгэгчгүй горимоор анхны туршилтын нислэг үйлдэж, тойрог замд 48 цаг байршин, амжилттай газарджээ. Харин хоёр дахь сансрын хөлөг  Элон Маскийн SpaceX Dragon хөлгийн хувьд энэ оны эхээр эцсийн туршилтын нислэгээ хийх юм.

    Сансрын нисгэгчдийг задгай сансарт зөөвөрлөхөөс гадна аяллын зориулалттай хэд хэдэн сансрын хөлөг энэ жил ашиглалтад орно. Тухайлбал, Амазоны тэрбумтан Жефф Безосын үүсгэн байгуулсан “Blue Origin” компанийн “New Shepard” нэртэй сансрын хөлөг энэ жил сансрын жуулчдаа авч, задгай сансарт аялуулах ажээ. Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic” компанийн сансрын хөлөг мөн адил 2020 онд зорчигчдоо аван задгай сансарт гарахад бэлэн болжээ. “Virgin Galactic” компанийн сансрын хөлгөөр задгай сансраар аялах нэг удаагийн тасалбар нь 250 мянган ам.долларын үнэтэй.

    Технологи ба хүрээлэн буй орчин

    Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Extinction Rebellion” байгууллагын идэвхтнүүд хүрээлэн буй орчныг бохирдуулж буйг эсэргүүцэж өнгөрсөн онд хэд хэдэн удаа тайван жагсаал хийсэн. Уур амьсгалын өөрчлөлтөд технологийн компаниуд ч нөлөөлдөг. Тэр дундаа гар утас үйлдвэрлэгчид.Дэлхий даяар ашиглагдаагүй 18 тэрбум ширхэг гар утас байдаг гэсэн тооцоо бий. Энэ нь төдий хэмжээний байгалийн нөөц, түүхий эд хаягдаж байна гэсэн үг. Жил бүр зарагдах гар утасны тоо нэмэгдсээр байдад бөгөөд  2019 онд гэхэд нийт 1.3 тэрбум ширхэг гар утас худалдаалагджээ. Гар утас үйлдвэрлэдэг компаниуд үйлдвэрлэлийн явцаа илүү ногоон, байгальд ээлтэй болгох, эвдэрсэн гар утсыг засварлах боломжийг нэмэгдүүлэх, хаягдал аль болох бага гаргах  тал дээр анхаарах шаардлагатай болжээ.

    Нугардаг, уян дэлгэцүүд

    “Самсунг” компанис дэлхийн анхны нугардаг дэлгэцтэй гар утас болох Galaxy Fold-ыг гаргасан боловч нугасны завсарт хог орж гэмтэх, дэлгэцийн хальсан наалт амархан хуулрах, хугарах зэрэг гэмтлүүд гарснаар гар утаснуудаа бүгдийг нь буцаан татаж богино хугацаанд засч сайжруулах шаардлагатай болсон. “Моторола”-гийн хувьд мөн адил уян дэлгэцтэй Разр-аа худалдаанд гаргасан боловч үнийн хувьд харьцангуй өндөр байв.

    Гэвч 2020 онд нугардаг дэлгэцийн чиг хандлага технологийн салбарт үргэлжлэх бололтой. Учир нь “Самсунг” компаниас энэ удаад нугардаг дэлгэцтэй таблетыг худалдаанд гаргахаар зэхжээ.  Мөн Хятадын хоёр дахь томоохон телевиз үйлдвэрлэгч TCL компани энэ онд уян дэлгэцтэй анхны гар утсаа хэрэглэгчдэд хүргэхээр амласан билээ. Нугардаг дэлгэцийн хөгжүүлэлт чиглэлээр нийт 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ.

    Маш хурдан 5G сүлжээ

    2019 онд 40 гаруй үүрэн холбооны компани 22 улсад 5G сүлжээг нэвтрүүлэх санал тавьжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар 2020 оны төгсгөл гэхэд 125 үүрэн холбооны компани 5G сүлжээг нэвтрүүлэх боломжтой болох юм.

    Үнийн хувьд гар утасгүйгээр хязгааргүй интернет ашиглахад сарын 30 фунт стерлинг байгаа бол 2020 онд хурдны хязгаараас хамаарч үнийг 2020 онд дахин шинэчлэн тогтоож магадгүй гэжээ. Их Британид гэхэд Vodafone компани аль хэдийн хурднаас хамаарсан үнийг хэрэглэгчиддээ санал болгож эхэлжээ.

    Хамгийн том нь квант компьютер

    2020 онд технологийн салбарт квант компьютерийн чигэлээр хамгийн том дэвшил гарна. Аравдугаар сард Google компанийн судлаачид өнөөдрийн хамгийн хурдан компьютерийн арван мянган жилийн хугацаанд бодож чадах тооцооллыг 200 секундэд гүйцэтгэснээ зарласан билээ.

    Квант компьютер амьдралд хэрэгжвэл өнөөдрийн хэрэглээнд байгаа компьютеруудаас олон сая дахин өндөр хурдтайгаар ажиллана. Үүнээс гадна квант компьютерийн тусламжтайгаар хими, эм үйлдвэрлэл, инженерчлэлийн салбарт шинэ нээлтүүдийг хийх боломжтой юм. Google-ээс 2020 ондоо багтан квант компьютерийг гадны хэрэглэгчид хэрэглэх боломжтой болгоно гэсэн боловч одоохондоо нарийн мэдээлэл гараагүй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ