Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэх төсөл боловсруулж, УИХ-д танилцуулна

Монгол Улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-аас дээш насны ахмадууд ба тэдний 71 хувь нь тэтгэврийн зээлтэй. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр зээлтэй иргэдийн зээлийг нэг удаа тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаснаа хоёр оны зааг дээр мэдэгдсэн.

Ерөнхийлөгчийн хэлсний зоргоор шийдэгдчих асуудал биш гэдгийг шийдвэр гаргагчид болон нийгэмд өрнөж буй хэлэлцүүлэг харуулж байна. ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан учраас Засгийн газар тодорхой шийдвэр, шийдлээ УИХ-д танилцуулна.

УИХ уг асуудлыг хэлэлцэж, дэмжих эсэх нь тодорно. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлын хэсгийг ахлахаар болсон. Түүнээс энэ тухай асуудлыг тодруулахад дараах зүйлсийг ярьсан. 

С.Чинзориг “Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулан төсөл боловсруулж УИХ-д танилцуулах шаардлагатай боллоо. Одоогоор 231 ахмад 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна.

Ахмадууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс л ажиллаж, улс эх оронд залуу насаа зориулсан хүмүүс учраас төрдөө үнэлэгдэн зээлээ тэглүүлэх нь зөв. Энэ асуудлаар харин судалгаа байхгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдоход тэтгэврийн зээл 12 хувийн хүүтэй байсан бол одоо 10 хувь болсон. Хоёр ба түүнээс дээш жилээр тэтгэврийн зээл авбал 18 хувийн хүү төлдөг байсан.

Харин өнгөрсөн оны аравдугаар сараас 16 хувь болгож бууруулсан. Бидний тооцож байгаагаар энэ оноос 10 хувь болох ёстой. Энэ нь бусад зээлийн хүүтэй харьцуулахад маш бага. Тиймээс ахмадууд ач зээгийнхээ сургалтын төлбөр, хүүхдүүдийнхээ байр, машины мөнгийг төлөхд зарцуулагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Тэтгэвэр гэдэг бол ахмадуудын сарын хэрэгцээг хангах ёстой зүйл. Гэтэл энэ төрлийн зээлийг барьцаалан өгдөг нь буруу юм.

Би Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзахад хэдэн хэдэн санал хэлсэн. Тухайлбал, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэлээ гэхэд цаашдаа иргэдийнхээ сарын амьжиргааны хэрэгсэл болсон тэтгэврийг барьцаалах үйлчилгээг зогсоох, өөрчлөх хэрэгтэйг хэлсэн.  Мөн зээлд хүү төлөгдөж байгаа. Тиймээс нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэглэнэ гэх юм бол энэ хүртэлх хүүг л хамт төлөх учиртай. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд хүү багатай байршуулж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү багасгаж байгаа. Тиймээс өнөөдрөөс арилжааны банктай байгуулсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэрээг цуцлах, байршуулсан мөнгийг буцааж татах хэрэгтэй гэсэн.

Зөвлөмж гарснаар шууд тэтгэврийн зээл тэглэгдэхгүй. Байгалийн баялгийг ашиглах шийдвэрийг УИХ шийдвэрлэх учраас манай ажлын хэсэг ажиллаад төслөө өргөн барина. УИХ-аас тодорхой шийдвэр гарна. Өнөөдөр нэгдүгээр сарын тэтгэврээ олгочихсон байгаа. УИХ-аас шийдвэр эцэслэн гараагүй байгаа учраас арилжааны банк ахмадуудын зээл, зээлийн хүүг авчихсан байгаа. Хэрэв УИХ-аас нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн зээлийг тэглэнэ гэвэл буцаан олгох хэлбэрээр өгөх ёстой болно. Хамгийн гол нь Засгийн газрын тодорхой шийдвэр л хэрэгтэй байна. Ямартай ч бид яаралтай төсөл боловсруулж өгнө” хэмээсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ