Ж.Пуччини “Богема” дуурийг Италийн Ла Скала театрын удирдаач Стефано Салватори УДБЭТ-ын тайзнаа удирдан тоглуулна

2020-01-02

УДБЭТ-ын хамт олон 2020 оны анхны тоглолтоо алдарт Пуччинийн уран бүтээл “Богема” дуурийг тайзнаа эгшиглүүлэхээр бэлтгэл ажлаа эхэлжээ.  Италийн алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори Ж.Пуччини “Богема” дуурийг энэ сарын 11,12-нд  удирдан тоглуулах юм байна.  Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартүвшингийн урилгаар 2016 онд анхлан ирж, бие даасан тоглолтоор нь симфони найрал хөгжим удирдаж байсан юм. Харин дараа нь ДБЭТ-ын урилгаар А.Аданы “Жизель” балетыг шинэчлэн найруулсан байдлаар удирдан тоглуулж, үзэгчидтэй дахин уулзсан.

Мөн 2018 онд УДБЭТ-ын гоцлол дуучин сопрано Б.Энхнарангийн уран бүтээлийн бие даасан “Сопрано” тоглолтын удирдан тоглуулж байсан билээ.  Харин одоо УДБЭТ-ын 2020 оны анхны уран бүтээл болох Ж.Пуччини “Богема” дуурийг удирдан тоглуулахаар монголд энэ сарын 7-нд ирэх юм байна.

“Богема” дуурийн тухай товчхон өгүүлэхэд,

Ж.Пуччини 1895 оноос “Богема” дуурийг бичиж эхэлж, 1896 оны  хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Ла Режио” театрт нээлтээ хийжээ. Цомнолыг Францын зохиолч Анри Мургерийн “Богемын гудамж дахь үзэгдлүүд” зохиолоос сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жиакоза нар бичсэн байна.  Тэр үеэс Богема дуурь  Италийн дуурийн театруудын  урын санд  орж, төд удалгүй дэлхийн театруудын хамгийн их тоглодог бүтээл  болжээ.

Дуурийн үйл явдал нь Парис хотын Латин хорооллын байшингийн дээврийн мансардад яруу найрагч Рудольф, зураач Марсель, хөгжимчин Шонар, гүн ухаанч Коллен хэмээх дөрвөн найз хамтран өрөө хөлсөлж амьдарцгаах аж. Тэдний байраар зочид ихтэй үргэлжийн хөл хөдөлгөөнтэй уран бүтээл хийх нөхцлөөр хүнд хэдий ч тэд үүнд сэтгэл төвдөхгүй сууцгаах аж. Рудольф мөн тэр байшинд амьдардаг Мими гэдэг бүсгүйтэй танилцах бөгөөд удалгүй тэд хайр сэтгэлийн холбоотой болно. Марселийн урьд нь үерхэж байгаад орхиод явсан Мюзетта гэгч бүсгүй нь эргэн ирнэ. Удалгүй тэдний дунд үл ойлголцол гарах бөгөөд Мюзетта дахин Марселийг орхин явах ба Рудольф Мимиг зайлшгүй шалтгаанаар орхин явахад хүрнэ. Өвөл болж хүйтрэх үед хүйтэн байр болон уушигны өвчнөөс Мимигийн бие муудаж амьсгаа хураахын өмнө Мюзеттаг гуйж Мансард руу ирнэ. Рудольф мөнгө байхгүйн улмаас Мимиг орхисон тухайгаа учирлах боловч Мими аврагдахаасаа нэгэнт өнгөрсөн байна….

Парисын Богемын гудамжны байшингийн дээврийн хөндийгөөс эхэлсэн үлгэрийн мэт атлаа бодит мэт эмгэнэлт хайр сэтгэлийн тухай өгүүлдэг юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ