
Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид хэлсэн мэндчилгээндээ ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж, ҮАБЗ дэмжсэн гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудлаар Засгийн газар хуулийн төсөл боловсруулж, УИХ баталсны дараа уг шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгсөн гэнэ. Энэ шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.
2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн дансны тоо 233,034 байгаа аж.
Монголын “Цагаан сар”-ын баяр дөхөж буй энэ цаг үед тэтгэврийн зээлийг ийнхүү зогсоосон нь олон хүнд хүндрэл учруулах нь тодорхой. Учир нь тэтгэврийн хөгшид маань тэтгэврээ урьдчилан зээлж сар шинээ тэмдэглэх нь бий. Гэтэл түүнийг нь ийнхүү хааж байгааг гайхах хүн ч олон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй