Ким Жон Ун: Дайсагнасан бодлогоо цуцлахгүй бол стратегийн зэвсгээ үргэлжлэн хөгжүүлнэ

2020-01-02

БНАСАУ-ын удирдагч, Хөдөлмөрийн намын дарга Ким Жон Ун “Хэрэв АНУ БНАСАУ-д дайсагнасан бодлого баримталбал, Солонгосын хойгийг хэзээ ч цөмийн зэвсэггүй болгож чадахгүй. АНУ БНАСАУ-ын эсрэг явуулж буй дайсагнасан бодлогоо цуцалж, Солонгосын хойгт тогтвортой, нэгдсэн энх тайвны механизмыг бий болгох хүртэл үндэсний аюулгүй байдлын стратегийн зэвсэг хөгжүүлэх ажлаа БНАСАУ үргэлжлүүлнэ” гэжээ. 

БНСУ-ын Төв мэдээллийн агентлагийн 1-р сарын 1-нд гаргасан мэдэгдэлд, Ким Жон Ун саяхан Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны 7 дахь удаагийн 5 дугаар бүгд хуралд ажлаа тайлагнахдаа “Дайсагнасан хүчин өөрийнх нь тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлэхээс зайлсхийхийн тулд шаардлагатай хүч чадлыг БНАСАУ бүрдүүлэх шаардлагатай байгааг өнөөгийн байдал нотолж байна. Энэ бол БНАСАУ-ын гуйвшгүй баримтлах зам юм. “Хэн ч түрэмгийлж чадахааргүй ялагдашгүй цэргийн хүчийг бэхжүүлэх нь Солонгосын хөдөлмөрийн намын эрс баримтлах үндэсний батлан хамгаалахын зорилго мөн” гэжээ.

Тэрбээр “БНАСАУ-ын үндсэн ашиг сонирхлыг зөрчсөн АНУ-ын үндэслэлгүй шаардлагын улмаас БНАСАУ, АНУ-ын харилцаа цаашид зогсонги байдалд орж мэднэ. Бидэнд эдийн засгийн бүтээн байгуулалтад ашигтай гадаад орчин яаралтай шаардагдаж байгаа хэдий ч хувь заяаныхаа үнэ цэнийг орхихгүй” гэжээ.

Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны 7 дахь удаагийн 5 дугаар бүгд хурал 2019 оны 12-р сарын 28-31-нд болж, хурлаар Ким Жон Уны тавьсан ажлын тайланг сонсон хэлэлцэж, олон тогтоол баталж, боловсон хүчний өөрчлөлт хийсэн аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ