О.Баасанхүү:Ахмадуудаа алагчлахгүйгээр тэтгэврийн зээл авсныг нь тэглээд, аваагүйг нь авахуулаад тэглэе л дээ

2020-01-02

Шинэ он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын тэтгэврийн зээлийг хүүтэй нь нэг удаа тэглэх тухай хэлсэн нь баярлах, гайхах хоёрыг зэрэгцүүлэв. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр ахмад настны тэтгэврийг нэг удаа тэглэх шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргасантэй холбогдуулж, хуулийн төсөл санаачилжээ. Хэд хэдэн зүйлийг тодруулж байгаад хуулийн төслөө өргөн барина гэв.

Түүний мэдээллээс тоймлон хүргэе.

“Тэтгэвэр, цалин оюутны зээлийг тэглэхгүй байх эсвэл гэр хорооллын 270 мянган өрхийг орон сууцтай болгохгүй байх сонирхол ямар ч улчтөрчид байдаггүй юм. Болдог бол бүгдийг нь л шийдчихмээр байна. Асуудлын гол нь бид 29 тэрбум ам.долларын өртэй. Үүний хамгийн ноцтой нь дефолт буюу улс хэрэв дампуурвал Парисын клуб гэж хандивлагч орнуудын уулзалтаар Монгол Улсын өрийг зардаг. Авах сонирхолтой орнууд бий. Тодорхой газар нутгуудыг авах сонирхол байгаа тухай ярьдаг. Манайх ҮАБЗ гэж гурван хаантай болсон. Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулахаар маш их мөнгө гарна гэж ярьж байна. Бид заримыг нь харсан шүү дээ, Монголбанкинд мөнгө тушааж байсан. Салхитын мөнгөний орд хэний өмч юм. Үүнийг тодруулна. БНХАУ-ын иргэний өмч байсныг Монголын төр авсан. БНХАУ-ын иргэний ард нэг генерал байсан түүний ард хэн байгааг би мэдэхгүй, Ерөнхийлөгч мэднэ. Салхитын мөнгөний ордны ард 6  хэдэн шүүгч 100-150 сая төгрөгийн авлига авсан гэсэн. Гэтэл өнөөдөр нэг ч шүүгчид арга хэмжээ аваагүй, буруутай, буруугүйг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гараагүй.

Арваннэгдүгээр сард авсан мэдээллээр тэтгэврийн зээл болон хүүг тэглэхэд 773 тэрбум төгрөг хэрэгтэй. 233034 хүн зээлийн данс нээсэн гэхдээ давталттай тоогоор шүү дээ. Монгол улсад нийт 330 мянган ахмад бий. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй, ҮАБЗ зөвлөгөө өгч байгаа юм. Тиймээс тогтоолын төсөл боловсруулсан.

Гэхдээ хуульчлахын өмнө

  • Салхитын мөнгөний ордын эзэмших эрх нь шүүхээр шийдэгдсэн үү,
  • 11 сарын байдлаар байгаа 773 тэрбум төгрөг байна уу.  Энэ хоёр асуултын хариуг авчихвал хуулийн төсөл нь бэлэн байна. Дээр нь хэзээнээс тэглэх юм? Хугацаа хэрэгтэй байна.

ҮАБЗ-ийн энэ зөвлөмжийг биелүүлэхгүй бол сонгуулийн өмнө заавал биелүүлэх гээд дайрна. Ингэж галзуурахаас нь өмнө би боловсруулаад хэн нэгнийг алагчлахгүй болгож хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Хэрэв Салхитын мөнгөний орд нь маргаангүй гэвэл би тогтоолын төслөө өргөн барина.  Алагчлахгүй гэхээр 55-аас дээш настай эмэгтэйчүүд, 60-аас дээш настай эрэгтэйчүүдэд бүгдэд нь олгохоор хуулийн төсөл бичсэн. Зээл авсныг нь тэглээд, аваагүйг нь авахуулаад тэглэе л дээ” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ