
Сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ мэдээллийн үнэн бодит, хуурамч эсэхийг нягталж шалгаж олон нийтэд түгээхийг дэмжин ажиллах зорилготой www.factcheck.mn сайт шинээр нээгдэж, өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ талаар Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамиртай цөөн хором ярилцлаа.
-FactCheck Mongolia хөтөлбөр, www.factcheck.mn сайтын талаар мэдээлэл өгнө үү?
-Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв (MCIR), Германы Дойче Велле Академи хамтран Fact Check Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд www.factcheck.mn сайтыг ажиллуулахаар нээлтээ хийж байна. Зорилго нь маш энгийн.
Өнөөдөр бид сошиал орчинд хөвөрч байгаа үнэн худал нь мэдэгдэхгүй асар их мэдээлэл дунд амьдарч байна. Click To TweetХуурамч мэдээллийг хөтөлбөрт нэгдсэн 17 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хамтран FactCheck хийнэ. Өөрөөр хэлбэл, тухайн мэдээллийг нягталж шалгаад үнэн худлыг нь тогтоон олон нийтэд түгээх юм. FactCheck.mn сайт нь Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь анхны бие даасан, мэргэжлийн, ашгийн төлөө бус редакц гэдгээрээ онцлог. Мэргэжлийн салбарт баримт мэдээллийг нягтлан шалгах дадал, соёл бий болох хэрэгцээ, нөгөө талдаа иргэдийн хувьд хуурамч мэдээллийг таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах хандлага манай нийгэмд нэн шаардлагатай болсон байна. Тиймээс FactCheck.mn сайтын редакц нь мэргэжлийн төвшинд баримтыг нягтлан шалгаж, энэ нь иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болохыг зорьж байна.
-Хөтөлбөрт нэгдсэн 17 редакцид ямар нэг шалгуур тавьсан уу?
-Өнгөрсөн есдүгээр сард хөтөлбөрийг нээсэн. Хөтөлбөрт оролцох сонирхолтой редакцыг бүртгэсэн. 30 орчим редакц манайд ирж мэдээлэл сонсоод 20 гаруй нь бүртгүүлэх хүсэлтээ өгсөн. Эдгээр редакциудад улс төрийн нөлөө байхгүй байх, ямар нэгэн нам эвслийн захиалгаар ажилладаггүй, өдөр тутмын үйл ажиллагаагаа аваад явах чадвартай хэвлэл мэдээллийн байгууллага байх гэсэн үндсэн шалгуурыг тавьсан. Хөтөлбөрийн үед сэтгүүлчдэд хоёр удаагийн хэрхэн factCheck хийх вэ гэсэн сургалтад хамруулсан. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагаар www.factCheck.mn сайттай тодорхой бүтээл, баримт дээр хамтарч ажиллах нь нээлттэй.
-Хуурамч мэдээлэл хаана хамгийн их байна вэ?
-Хуурамч мэдээлэл уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр бага гарч байна. Цахим орчинд буюу ялангуяа сошиал медиа дээр гарч байна. Хуурамч мэдээллийг үйлдвэрлэгч нар нь мэргэжлийн сэтгүүлчид байна уу гэхээр үгүй байна. Click To Tweet Санамсаргүй мэр сэр алдаа гардаг эсэхийг үгүйсгэхгүй. Гол хуурамч мэдээллийг үйлдвэрлэгчид нь энгийн иргэд эсвэл сонирхогчид бий. Тэр утгаараа нийгмийн мэдээллийн сүлжээнээс эх сурвалжаа аваад зарим тохиолдолд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл түгээдэг ч тохиолдол байна. Үндсэндээ энэ хоёр дээр төвлөрч мэдээллийг нягталж шалгах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй