Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 108 жилийн ой тохиож байна

Энэ өдөр буюу 1911 оны 12 сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсаа тунхагласан. Засгийн газраа шинээр 5 яамтайгаар байгуулсан.

5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн  хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ. 1912 оны 8 дугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон.

Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол үндэстнийхээ хувьд сэргэн мандсан энэ үедээ онцлох чухал арга хэмжээнүүд олныг авсан. Нэгдүгээрт, Манж гүрнээс тусгаарлаж шинэ улсаа байгуулахдаа Хятадаас түрүүлсэн нь түүхэн ач холбогдол өндөр.

Өвөр Монголын 49 хошуунаас 35 нь, Алшаа, Хөхнуур, Ховд ба Урианхайн хязгаар, Шинжааны монголчууд, Барга даяар үндэсний нэгдлийн төлөө санаа шулуудаж Богд хаант Монгол улсдаа дагаар орж нэгдэхийг зорьсон.

Монголын тусгаар тогтнолын энэ их үйл хэрэг нь хөрш орнуудын хэт нөлөө, ашиг сонирхол, хуйвалдаанаас шалтгаалан 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улс автономит эрхтэй болж улмаар тусгаар тогтнолоо алдсан ч 1921 оны хувьсгалын төдийгүй бүхий л тусгаар тогтнолын үйл хэргийн үүтгэл байсан юм.

Монгол Улсын төрөөс улс орны хэмжээний үндэсний баяр болгон тэмдэглэх шийдвэр 2006 оноос эхлэн гарч 2011 оноос нийтээр тэмдэглэх баяр амралтын өдөр болгоод буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ