Монгол Улсын малын тоо 70.9 сая толгой болсон нь өмнөх жилээс 6.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр танилцуулав. 

Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар хийж тооллогын урьдчилсан дүнгээр 70 сая 949 мянган мал тоолсон хэмээлээ. 

Энэ нь өмнөх оныхоос 4.5 сая толгой малаар буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Урьдчилсан дүнгээр нийт мал сүрэг дотор

  • Хонь 45.5 хувь
  • Ямаа 41.2 хувь
  • Үхэр 6.2 хувь
  • Адуу 5.9 хувь
  • Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ.

2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоогоор тэргүүлж буй аймгуудыг жагсаавал /мянган толгой/

  1. Архангай аймаг 6 сая 166 мянган толгой мал
  2. Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой мал
  3. Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал
  4. Төв аймаг 4 сая 978.7 мянган мал
  5. Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тус тус тоолуулжээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44 насны малчид, 22 хувийг 25-30 насны малчид, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж байгаа аж.

2018 оны тооллогоор тоологдсон нийт 290 мянган малчны 26.2 хувь нь Нийгмийн даатгалд хамрагдаж байсан бол энэ жил нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ.

Мал тооллоготой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг нэгдүгээр сарын 10-ны дотор танилцуулна хэмээн ҮСХ-ны ажилтан хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ