
Өнгөрсөн аравдугаар сард Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран шүүхээс согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, үүрэг хүлээлгэсэн хүмүүсийг дахин энэ төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг гэнэтийн байдлаар шалгаж, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан.
Тус шалгалтаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтанд байсан таван хүн шүүхээс хязгаарлалт тогтоосон хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас дээрх таван хүний албадлагын арга хэмжээг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс хүн тус бүрт хоёр жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус прокурорын газраас өнгөрсөн арваннэгдүгээр сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дүүргийн Цагдаагийн газартай хамтран дээрх шалгалтыг дахин явуулсан байна. Шалгалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэг хүнээс илэрсэн тул уг зөрчлийг шалгуулахаар дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлжээ.
Эх сурвалж:Хан-Уул дүүргийн прокурорын газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй