
Тээврийн цагдаагийн албанаас баярын өдрүүдтэй холбоотой хөдөлгөөн зохицуулалт болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Аж ахуйн нэгж байгууллага, хамт олон баяр, ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус албанаас цагдаагийн 500 алба хаагч, ДХИС-ын 150 сонсогч нийт 650 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд арванхоёр дугаар сард нийт 930 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 7,3 хувиар буюу 64 нэгжээр өссөн ажээ.
Мөн Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31367 зөрчил илрүүлснээс 25467 зөрчилд жолоодох эрх хасах, 13509 зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж ажиллажээ.
Зөрчил гаргасан жолооч нарын 70 орчим хувь нь 18-35 насныхан байгааг хэллээ. Түүнчлэн Согтуугаар жолоо барьсан 10 жолооч тутмын 1 нь эмэгтэй жолооч байна. Click To TweetШинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдолд цөөнгүй гарч байгаа тул байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагатай байна.
Тиймээс иргэн та шинэ оны анхны нарыг угтан ажил үйлсээ даатгаж, ирэх жилийнхээ хийморь сүлдийг урин дуудахаар гэрээсээ гарахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй, хүүхдийг зориулалтын суудалд авч явахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй