Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах хууль өргөн барьж байгаа нь сонгуулийн шоу

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сони рхсон асуултад хариуллаа.

-Татварын багц хууль ирэх сарын нэгнээс хэрэгжихээр боллоо. Энэ хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газар цаашид, ирээдүйдээ, ойрын хэдэн жилдээ эдийн засгийн бодлогыг зөв явуулахын тулд Татварын багц хуулийг санаачилж өргөн мэдүүлсэн. УИХ жилийн дараа үүнийг хэлэлцэж, баталсан. Ингэхдээ бид аж ахуй нэгжүүдэд очдог татварын дарамтыг буулгах, иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж олгож, амьжиргааг нь дээшлүүлэх чиглэлийн өөрчлөлтүүдийг багц байдлаар шийдсэн. Дэхийн бусад орны туршлага, жишгийг авч үзсэн. Энэ хууль батлагдсаны дараа 40 гаруй журмыг олон нийтээр хэлэлцүүлээд  одоо нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хамгийн сүүлийн журмуудыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулж батлууллаа.

-НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах хууль зарим гишүүд өргөн барьж байна. Ийм боломж байгаа юу?

-Сонгууль дөхөж байгаа. Бизнес эрхэлдэг гишүүд их байна. Тэдний зүгээс ийм хууль өргөн барьж байгаа юм байна. Угаасаа сонгуулийн шоу шүү дээ. Зөвхөн Монголд биш дэлхий дахинд гарч байсан шоу. Үүнийг шоу хийж байгаа хүмүүсээс асуух хэрэгтэй.

-Саарал жагсаалтаас гарахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Ерөнхий сайд Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулъя. Сангийн сайд ахал гэсэн. Би ахлаад явж байна. Монгол банк, ТЕГ, Хууль зүйн яам, шүүх, прокурор, АТГ  гэх мэт маш олон байгууллага хамтарч ажиллж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийт долоон хуулинд өөрчлөлт оруулахаар боловсруулаад саналыг оруулж ирж батлууллаа. Үүнээс гадна хийх ажлын төлөвлөгөө боловсруулж гаргасан. Ойрын зургаан сарын дотор Монгол Улсыг саарал жагсаалтаас гарга гэсэн үүрэг өгсөн. Нэгдүгээр сарын 20-нд Бээжинд хамтарсан группын хурал болох юм. Түүнээс өмнө Монгол Улс тайлангаа өгөх ёстой. Энэ тайланд ажлын хэсгийнхэн анхаарч ажиллаж эхэлж байна. Үүний дараа хоёрдугаар сарын 20-доор ФАТФ-ын хурал болно. Энэ бүх хурлаар өөрсдийн хийсэн ажлаа танилцуулаад  ажиллана гэж бодож байна.

-Долоон хууль нь ямар хуулиуд вэ?

-Мөнгө угааж болзошгүй салбарууд гээд аваад үзэхээр үл хөдлөх хөрөнгийн салбар байдаг. Хууль бусаар олсон хөрөнгө тэрүүгээр дамжиж магадгүй гэж үзээд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Мөнгө угаах, Санхүүийн зохицуулах хорооны холбогдох хууль гэх мэт долоон хуульд өөрчлөлт оруулна.

-Монгол Улсын өр ямар байгаа вэ. Ирэх онд хэдий хэмжээний өр төлөгдөх ёстой вэ?

-Төсвийн гүйцэтгэл гарахад хоёр гуравхан хоног дутуу байна. Нэгдсэн төсвөөрөө тайлан гаргадаг. Урсгал зардлын гүйгээг маргааш хаана. Тэгэхээр тав дахь өдрөөр эцэслэж бид мэдээллүүдээ нэгтгэхээр ажиллаж байна. 2019 оны төсвийн 1,9 их наяд төгрөгийн алдагдлыг нэлээд бууруулахаар оруулж ирж байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарахаар байна. Нэлээд боломжийн дүнтэй гарах дүр зураг харагдаж байна. Өндөр хүүтэй, богинохон хугацаатай зээлүүд төсөвт дарамт болдог. Тиймээс урт хугацаатай, хүү багатай, урьдчилж төлөх ажлуудыг авч хэрэгжүүлсэн. У.Хүрэлсүхийн засгийн газар байгуулагдсанаас хойш найман их наядын өр төлсөн дүн гарч ирж байна. Зарим хүмүүс итгэхгүй байна. Өрийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувьд байсан бол өнөөдрийн байдлаар 55,1 хувь хүрч буух дүр зураг харагдаж байна.

-Засгийн газар бондуудаа хэзээ төлж дуусах вэ?

-2021-2024 онд Засгийн газар 2,9 тэрбум америк долларын өр төлөх учиртай. Энэ өрийг ингэж шийднэ гээд Засгийн газрын өрийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг гурав, дөрвөн сарын өмнө батлуулсан. Холбогдох бэлтгэл ажлыг Сангийн яам хийж байгаа. Бид эдийн засагт дарамт учруулахгүйгээр, хандив гуйхгүйгээр зохион байгуулна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ