2019 оны хамгийн муу нууц үг

Дижитал ертөнц, цахим орон зайн хамгийн чухал боловч нэг их анхаарал тавьдаггүй зүйл бол нууц үг юм. Аюулгүй байдал, мэдээлэл алдагдах, хэрэглэгчийн хувийн нууцтай холбоотой эрсдэл бол жижиг асуудал биш.

Хүмүүсийн өдөр бүр ашигладаг дижитал платформуудын аюулгүй байдлыг анхааруулахын тулд интернетийн аюулгүй байдлын мэдээллийн компани хамгийн муу нууц үгийн жагсаалтыг 9 дэх жилдээ зарлаж, 2019 оны хамгийн амархан нууц үгсийг нэрлэжээ.

Аргентин улсын Буэнос-Айрес хотын Эдийн засгийн мэдээний сүлжээний мэдээллээр тус компани энэ жил алдагдсан 5 сая гаруй нууц үгийг судалж, тус жагсаалтыг гаргажээ.

Хүмүүс өөрийнхөө тоног төхөөрөмж, цахим орон зайгаа хамгаалахыг зорьсон ч мөн л хамгийн амархан нууц үгийг сонгон хэрэглэсээр байгааг тус судалгаа харуулжээ.

Жишээ нь хамгийн амархан нууц үг “123456” гэх тоо. Энэ нууц үг хэдэн жил дараалан тус жагсаалтад тэргүүлжээ. 123456789” гэх нууц үг тус жагсаалтад “аман хүзүүдэв”.

“qwerty” хэмээх нууц үг энэ жил гурван байр ахиж гуравт бичигджээ. Энэ бол маш муу нууц үг юм. Учир нь энэ нь компьютерын гарны зүүн дээд булангийн дараалсан 6 үсгээс бүрддэг.

Нууц үг гэдэг утга бүхий “password” хэмээх англи үг жил бүр “айргийн тав”-д бичигддэг бол энэ жил мөн л “чансаагаа батлан” дөрөвдүгээр байранд оров. Удаах байруудад “1234567”, “iloveyou”, “123123”, “abc123”, “admin” болон “password1” зэрэг нууц үг оржээ.

Та хэрвээ гар утас, компьютер зэрэг төхөөрөмж, ямар нэгэн цахим орон зай, дижитал ертөнцийнхөө нууц үгийг эдгээр нууц үгээр кодолсон бол тун аюултай байгаа хэрэг. Төрсөн өдөр буюу өөрийнхөө нэрээр солих нь ч нэг их баталгаатай биш шүү дээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ