Намууд сонгуульд бэлэн үү

Ирэх УИХ-ын сонгуулийн хууль батлагдаад буй. Тэгвэл намууд сонгуульд бэлэн байна уу. Энэ талаар тоймлоё. Эрх баригч МАН-ын хувьд одоогоор сонгуульд бэлдэж байгаа зүйл бага мэт. Гэхдээ хамгийн том намын хувьд зангараг нь хаачих билээ

Харин сонгуульд нэр дэвших хүсэлтнүүдээсээ 100, 60 саяыг хурааж байгаа АН-ыг сонгуульд бэлэн юмуу гэтэл бас ч үгүй аж. С.Эрдэнэ нарын тус намын удирдлагуудын ийнхүү мөнгө босгож байгааг зарим лидерүүд нь АН-ын шинэчлэлийг булшлаад хаясан хэмээж байна.

Тухайлахад Э.Бат-Үүл ийнхүү мэдэгдээд байгаа юм. АН мөн хуваагдсан байдалтай буй. Намынхаа дарга асан Н.Алтанхуягийг хассан. Харин Н.Алтанхуяг нь одоогийнхоо удирдлагатай дайн зарлачихаад явж буй. Түүний ойр тойрныхон төдийгүй залуу дэмжигчид нь С.Эрдэнээ нарыг байнга буруутгасаар байна.

Энэ маягаараа ирэх сонгуульд АН-ынхан хоорондоо үзэлцэх нь тодорхой мэт. 2004 оны сонгуулиар М.Энхсайханы эвслээс нэр дэвшүүлээгүй Р.Амаржаргал, Я.Санжмятав, Д.Одхүү нар бие дааж нэр дэвшээд сонгогдож байсан шиг гэсэн үг. Тэдэн шиг сонгогдох нэгэн байхад ихэнх нь намын нөхдийнхөө саналыг хуваагаад хамтдаа унадаг юм.

Тэгвэл МАХН-ын тухайд дарга Н.Энхбаяр нь өөрийгөө туг гэж боддог, гишүүд нь ч түүнийг туг гэдэг. Гэтэл сонгуулийн тухай хуульд авлигын хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн болохоор тус намын байдал хэцүүдчихээд байж байна. Уг нь тэдний нэг туг нь “фэншүй” хэмээх С.Ганбаатар боловч мань эр сүүлийн үед таг чиг байна.

Уг нь МАХН-ынхан өнгөрсөн намаржин сонгуулийн бэлтгэл хийсэн, одоо ч хийсээр байгаа. Тэд хүүгүй, урьдчилгаагүй орон сууц, хүү төлбөргүй зээл гээд баахан популист амлалт өгч хар массын анхаарлыг татаад эхэлчихсэн байсан билээ. Н.Энхбаяр нэр дэвшихгүй бол тус намаас уйлдаг залуу мэт нэр дэвшээд амжилт олохгүй л болов уу.

Бусад жижиг намуудын хувьд сонгуулийн хууль тойрч хэрэлдэхээс илүү гарч чадахгүй л явна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ