“ХҮННҮ ЭЙР” компани дээр гарсан ослыг олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-д мэдэгдэнэ

2019-12-24

Өнгөрсөн аравдугаар  сарын 13-14-нд шилжих шөнө “ХҮННҮ ЭЙР” ХХК-ийн газрын техникийн үйлчилгээний ажилтан М  онгоц хучиж байхдаа өндрөөс унаж хүнд гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл өнөөг хүртэл  хоёр сарын хугацаанд хохирогч ухаан ороогүй байна. Өмнөх мэдээллүүдээрээ бид ослын шалтгаан нөхцөл, хэн хаана ямар хариуцлага алдсан талаар хүргэсэн. ЭНД

Өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж “ ХҮННҮ ЭЙР” компанийг хөдөлмөр аюулгүй байдал мөрдүүлээгүйн улмаас осол гарсан гэх дүгнэлт гарсан. Харин Тээврийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг ар гэрийнхэнд нь хүргүүлсэн байдаг.

Хохирогчийн ах Д.Совд “ХҮННҮ ЭЙР” компани дээр гарсан ослыг олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-д  мэдэгдэнэ гэдгээ илэрхийлээд байна. Монгол Улсын иргэний нисэхийн салбарт  эрүүл мэнд амь настай холбоотой ноцтой осол гарсан байхад холбогдох байгууллагууд нь тус  байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл олон улсын нисэхийн байгууллагад мэдэгдэх нь бүү хэл өнөөг хүртэл хариуцлага алдсан албан тушаалтан нь хариуцлагаа үүрээгүй цаашлаад иргэний нисэхийн салбарт гарсан ослоо “ХҮННҮ ЭЙР”, ИНЕГ гээд хэн хэн нь  хүлээн  зөвшөөрөхгүй байгаа юм.

Тиймээс ар гэрийнхэн нь иргэний нисэхийн олон улсын байгууллагад ослыг мэдэгдэхээ илэрхийлжээ. Хэрэв Монгол Улс иргэний нисэхийн салбарт гарсан осол аваараа нуусан нь тогтоогдвол ИКАО-гаас

  • Монгол Улсын иргэний нисэхийн аюулын зэрэглэлийг бууруулж, олон улсад мэдээлэх
  • Олон улсын нислэгт хязгаарлалт хийх
  • “ХҮННҮ ЭЙР” ХХК-ийн олон улсад нислэг үйлдэхийг хориглох
  • Чингис Хаан олон улсын нисэх буудлын зэрэглэлийг бууруулах гэх мэт арга хэмжээг авна.

Зориулалтын техник, хэрэгсэлгүйгээр энэ том онгоцыг хучиж байхдаа унаж гэмтсэн. Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ийн дүрэм, стандартад онгоцыг хучих бус зориулалтын ангаар буюу агуулахад хийх ёстой гэсэн байдаг. Гэтэл “ХҮННҮ ЭЙР” одоог хүртэл онгоцоо хучсаар л байгаа…

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага ар гэрийнхнийг нь хэрхэн туйлдуулж, хүний амь нас, эрүүл мэнд үнэгүйдсэн талаар хохирогчийн ах Д.Совд өөрийн нүүр номондоо ингэж бичжээ.

“Эрх зүйт төрийн иргэн хүний хувьд бүхий л эрх зүйн хүрээнд нь өргөдөл гомдлоо гаргаж тэмцэлээ хийж байна, ном журмаар нь тэмцээд ийм л байдалтай байна даа. Эвээр нь үзээд байхад л ингээд байна заавал иргэн хүнийг туйлдуулж залхааж байна. Би зүгээр л хохирогчийн ах хүн шүүдээ! Гэтэл өнгөрсөн бүх хугацаанд би Нисэхийн аюулгүйн байцаагч, Цагдаа, Мөрдөгч, Эмч болсон одоо намайг ПРОКУРОР, ШҮҮГЧ болгож ажлаа өмнөөсөө шахуулж хийлгэх юм байна л даа! Эцсийг нь хүртэл явна аа! Үнэн гэж байдаг бол заавал ялах ёстой! Хүний амь, нас эрүүл мэндээс илүү эрх ашиг, албан тушаал нэр төр гэж байх ёсгүй.

Ардчилсан, эрх зүйт төрийн жирийн иргэн би 2 сар хагас шударга үнэний төлөө эрх зүйн хүрээнд нь, хууль дүрэм журмынх нь дагуу тэмцсэн боловч том эрх ашиг, улс төрийн өндөр дээд хамгаалалттай хүмүүст, компанид ялагдаж байна гэхдээ би ЗОГСОХГҮЙ ээ!

Эрх мэдэл албан тушаал нэр төрөө хамгаалсан, эрх ашиг, ураг төрөл, найз нөхдийнхөө холбоогоор холбогдсон ШУДАРГА БУС хүмүүсийг өнөөдрөөс нэр ус, царай зүс, зураг, албан тушаал, ах дүү амраг садангийн холбоостой нь зарлаад явна!

 

Олон Улсын Иргэний нисэхийн болон Монгол Улсын иргэний нисэхийн дүрмээ зөрчин зориулалтын Ангар сав байхгүй байхад гэрчилгээ олгож, улмаар Иргэний агаарын тээврийн онгоцыг зориулалтын бус тeхник хэрэгслээр хучуулсан, хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй компанид нисэх зөвшөөрлийг нь өгсөн, ингэж дүрэм журмаа удаа дараа зөрчин гэрчилгээ олгож, зориулалтын бусаар хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангуулалгүй, хяналт тавих үндсэн үүргээ биeлүүлэлгүй эрх ашгаараа холбогдож нэг компанид хэт давуу эрх олгож давраасны улмаас чинь болж миний дүүгийн амь насыг эрсдэлд оруулж, эрүүл мэндээр нь ноцтой хохироосон болно.

Мөн энэхүү ноцтой осол аваараа одоог хүртэл нуун дарагдуулж НОЦТОЙ ЗӨРЧИЛ, ГЭМТ ХЭРЭГ үйлдэж байгаа УИХ гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХАМГАЛАН, ИНEГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН, ИНEГ-ын НААХ-ын албаны дарга С.МАНЛАЙ ТА БҮХЭН ОСОЛ АВААРАА ЯАРАЛТАЙ ЗАРЛАЖ, ДҮРЭМ ЖУРМАА ЗӨРЧСӨН ЗӨРЧЛӨӨ НЭН ДАРУЙ ЗАЛРУУЛЖ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРГЭЭ БИEЛҮҮЛЭЭГҮЙ БУРУУГАА ХҮЛЭЭЖ! УУЧЛАЛТ ГУЙЖ! АЛБАН ТУШААЛАА ӨГӨӨД ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА! Үгүй бол Би Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага болох ICAO-д энэхүү ноцтой ЗӨРЧЛИЙГ чинь мэдэгдэхээр, бүх нотлох баримтуудаа явуулахаар орчуулж бэлдсэн болохийг үүгээр мэдэгдэж байна! Одоог хүртэл өгөөгүй байгаа нь Та нарыг бодсондоо биш нийт Монголчуудынхаа эрх ашгийг бодсондоо явуулаагүй харзнаж байгааг анхааруулж байна” гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ