Өнчин ишиг хулгайлсан ч таван жил хүртэлх хугацааны хорих ялтай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна. Зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан гишүүд байр сууриа хэлж байна.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

Малчид малын хулгайтай тэмцэх асуудлыг нэлээд ярьж байна. Зөрчлийн хуулиар арай хөнгөн байна. Малчид нэг өнчин ишиг хулгайлсан тохиолдолд хариуцлага хүлээдэг байх ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа. Үүнийг цаашид анхаарах хэрэгтэй. Мөн ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй. Зөрчлийн хуулиар хөдөлгөөн хязгаарлах гэдэг нь Монголын нөхцөлд хэрэгжих боломжгүй. Малын хулгай хийсэн хүн сул чөлөөтэй явах ёсгүй. Хулгай хийсэн тохиолдол хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Хариуцлагыг чангатгаж сайжруулах шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд зарим заалтыг би гайхаж байна. Нүхээ алдсан оготно хэдэн  жил төөрдөг гэдэг шиг байна. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээдийг баригдсан эсвэл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэдэг нь хуучин байсан асуудал шүү дээ. Хасаад шинээр оруулж ирж байгаа юм уу. Миний мэдэхээр алга болчихвол зогсоогоод дараа нь баригдсан өдрөөс нь эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоод л ирсэн. Хуучин байсан уламжлалыг хэзээ байхгүй болгочхов. Би ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийг би сайн мэдэхгүй, нарийн мэргэжлийн хүн биш учраас дуугүй л явж ирсэн. сая малын хулгайн заалтаар төд төчнөөн бог, бод гэж яриад байх юм. Субьектив талыг нь үндэслэж объектив талын хор хохирлын хэмжээг нь үндэслэж зөвхөн малын тоо толгойноос гадна тусгайлан тогтоодог олон шалгуур байсан. Энэ бүхэн байхгүй болчихсон юм уу. Ганц хөгшний амьжиргааных нь саалийн үнээ алдагдвал хэдэн бодоос илүү үнэтэй. Мөн өндөр ашиг шимт мал гээд хүний амьжиргаатай нь холбогдуулж хүндрүүлэх үгүй эсэх нөхцөл байдал нь тогтоогддог. Гэтэл одоо механик заалтууд оруулж ирлээ. Амьжиргаатай хүний 100 мянган төгрөгийг хулгайлах, тэтгэврийн хөгшний 5000 төгрөгийг хулгайл хийх хоёрын хохирол нь ялгаагүй гэж үздэг. Гэтэл одоо орж ирж байгаа хуулийн өөрчлөлтөөр байхгүй болгочихлоо. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг асуудал үндсээрээ алга болчхоогүй байх гэж бодож байна. Гэмт хэргийг зүйчлэх болон хор уршгийн хэмжээг тогтоохдоо олон төрлийн шалгуурыг авч үздэг системээрээ явсан нь зөв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Та энэ асуултаа хэнээс асууж байна вэ. Эрүүгийн хуулиудыг  батлах бүх парламентад та л сууж байсан. Х.Нямбаатар гишүүн хариулах уу.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

УИХ-ын гишүүдээс нэг зүйлийг хүсч байна. Одоо өөрчлөлтөд ороогүй байгаа малын хулгайн холбоотой заалтад өнчин ишиг хулгайлсан ч таван жил хүртэл хугацааны хорих ялтай байгаа. үүнийг шүүхийн практикт ашиглахгүй байна гэсэн шүүмж бий. Түүнээс биш одоо нэмэлт өөрчлөлт ороогүй ч мал хулгайлах гэмт хэрэгт ганц хурга, ишиг хулгайлсан ч таван жил хүртэлх хугацааны хорих ялтай. Хэрэв давтан үйлдвэл ялыг хүндрүүлнэ.Мөн зохион байгуулалттайгаар малын хулгайг үйлдвэл ял хүндэрнэ. Онцгой ашиг шимтэй мал, хурдан морь зэргийг хулгайлбал хуучин Эрүүгийн хуулиар ялыг хүндрүүлдэг заалт байсан. Х.Болорчулууны өргөн барьсан хуулийн төсөлд  энэ шинжээр нь хүндрүүлье гэдэг заалтууд орж ирсэн. Цаашид хэрхэх талаар судлаачид ажиллаж байгаа. 2015 онд батлагдсан хуулийг бид засаж хоёрдох өөрчлөлтийг хийж байна. Д.Лүндээжанцан гишүүн асуусанчлан яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээдийг баригдсан эсвэл хэргээ өөрөө илчилсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэсэн заалт хуучин эрүүгийн хуульд ч байсаар ирсэн гэдэг зөв. Одоогийн хуулийн өөрчлөлтөөр тавдугаар заалтад энэ заалтыг хасахаар байгааг нэмж оруулж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ