• Ц.Даваасүрэн:Шөнийн цахилгаанд хөнгөлөлт үзүүлж байгаа ч мөнгө нь олгогдохгүй болчихоод байна

    2019-12-19

     

    Шөнийн цахилгаан хэрэглээнд олгох хөнгөлөлтийн мөнгө БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын багцад шингэж, батлагдсантай холбоотойгоор  эрчим хүчний салбарын санхүүгийн байдал хүндэрчээ.

    Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулахад “Шөнийн цахилгааны үнийг хөнгөлж байгаа. Тэгсэн атлаа мөнгө нь олгогдохгүй болчихоод байгаа юм. Сангийн сайд  “Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд өгөх мөнгийг Агаарын бохирдлыг бууруулах төсөвтэй нэгтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын багцад суулгаж өгсөн” гэсэн тайлбарыг хэлдэг. БОАЖЯ, Сангийн яаманд  энэ мөнгөнийхөө учрыг ол гэж хандсан. 10 тэрбум төгрөг гэж яриад байгаа гүйцэтгэлээр 20 тэрбум болчхоод байна. Нэгэнт л хөнгөлөлт үзүүлж байгаа л юм бол энэ асуудлаа шийдэх хэрэгтэй” гэсэн тайлбарыг өгөв.

    Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 онд 116966 айл өрх 19.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ. 2020 онд 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд хамрагдана гэсэн тооцоог гаргаж, холбогдох газарт хүргүүлсэн байна.

    Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь шөнийн цахилгааны үнийг  хөнгөлсөн явдал юм. 2017 онд  гарсан Засгийн газрын   199 дүгээр тогтоолоор  “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталснаар, гэр хорооллын айл өрхийн цахилгаан халаагуурын хэрэглээ нэмэгдсэн.

    Журмын дагуу  нийслэлийн гэр хорооллын  хоёр тарифт тоолууртай айл өрхийн оройн 21 цагаас өглөөний 7 цаг хүртэл  шөнийн цагт хэрэглэсэн цахилгааныг 100 хувь хөнгөлж байхаар болсон билээ. Харин аймгийн төв болон, 10000-гаас дээш хүн амтай сум суурин газрын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50 хөнгөлөх ёстой.

    Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа айл өрхийн тоо жил бүр нэмэгдэж,

    • 2017 онд 101.326 айл өрх хамрагдаж, нийтдээ 6.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн
    • 2018 онд 109.213 айл өрх хамрагдан 9.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна.

    Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгаан хөнгөлөлтөд жилдээ 10 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг гэсэн үг юм. 2017-2019 онд нийт 30 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ