• Эрх баригч намын эрх ашиг туссан сонгуулийн хууль шуударлаа, харин тойрог зурахдаа өмнөх алдааг засах уу

    Эрх баригч МАН-ын Удирдах Зөвлөл болон УИХ дахь намын бүлэг цаашлаад чуулганаар ирэх жилийн УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоо буюу 76 мандаттай 26 тойрогт явуулахаар шийдвэрлээд байна. Өнөө маргаашгүй батлагдах сонгуулийн тухай хуулийн хамгийн гол энэ сэдэв олны анхаарлыг татаж байна.

    Монгол улсыг олон мандаттай 26 тойрогт хувааж сонгууль явуулж байсан туршлага бий. 1992 оны анхны ардчилсан сонгууль, 2008 оны УИХ-ын сонгуулийг  ийм тогтолцоогоор явуулж байсан билээ.

    МАН хэд хоногийн өмнө 50 гишүүн жижиг мажоритароор сонгогдох, 26 нь улс даяараас сонгогдох хувилбарыг оруулж ирсэн ч хүний өөрийнх нь олон гишүүн эсэргүүцсэн учраас энэ удаа ийн томсгосон мажоритар тогтолцоог оруулж ирсэн нь энэ. Тогтолцооны хувьд ийнхүү дахин ярихааргүй болж байна.

    Харин бусад асуудлын хувьд УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 20 биш 30 болгохоор эмэгтэй гишүүд зүтгүүлсэн ч хүч хүрэлгүй уналаа. Энэ бол байдаг л асуудал. Өмнө нь яг ийм асуудал болоход З.Энхболд гишүүн байхдаа санал гаргаад унагаж л байсан.

    Харин авлига албан тушаалын хэрэгт холбогдсон, шийтгүүлсэн хүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтын тухайд МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан мэтээр шуугиан дэгдээхийг оролдож байгаа ч энэ нь тийм биш. Ардчиллын 30 жилд төр, засагт байнга орж гарч, асар их муу муухайд нэр холбогдсон ч эргээд чаргууцалдаад байгаа нөхдүүдийг дахин сонгож болохгүй гэж хориглох гэсэн л оролдлого. Түүнээс ганц Н.Энхбаярт зориулсан заалт гэж юу байхав дээ. Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Н.Золжаргал, Н.Батбаяр, Д.Гарамгайбаатар, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Сономпил, Б.Батзориг, Д.Батбаяр гээд маш олон нөхдүүд энд хамаарагдана. Тэгэхээр энэ заалтыг бол заавал оруулах ёстой юм.

    Сонгогчид саналаа өгсөн нь заавал мэдэгдэх тэмдэглээг долоовор хуруунд нь хийж байсан. Үүнийг хийх шаардлагатай хэмээх улстөр. Тэр бэхийг үйлдвэрлэж байсан Энэтхэгийн жижиг компани нь дампуурчихсан, тэгээд ч иргэн бүрийн хурууны хээ байхад түүгээр яахав гээд орхиж байгаа юм билээ.

    Мөн АН-аас сонгогчид бидний нэрсийн жагсаалтыг хувилж өг гэж байгаа ч энэ нь боломжгүй аж. 2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн тухай гурван хуулиар энэ нь хориотой. Иргэний хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр өөр этгээд иргэний мэдээллийн нууцлалд нэвтэрч болохгүй. Намууд сонгогчдын нэрсийн жагсаалтыг авна гэдэг нь тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг нь авч байна гэсэн үг. Үүнийг Иргэний бүртгэлийн тухай хуулиар хориглочихсон. Тийм учраас АН-ын энэ саналыг оруулахаас УБЕГ татгалзсан. Иргэд ч өөрсдөө дургүйцдэг гэдгийг СЕХ ч хэлсэн.

    Ийнхүү УИХ-ын сонгуулийн тухай  хууль хэлэлцэгдээд батлагдах шатандаа орчихлоо. Харин сонгуулийн тойрог хуваахдаа өмнөх шиг аодааг битгий гаргаасай хэмээн хүсэх байна.

    2016 оны сонгууль эхэлж байхад тухайн үеийн эрх баригч АН-ынхан тойргуудыг хуваарилна гэж бөөн нугалаа хийгээд хаяж байлаа. Увс, Хөвсгөлд гээд олон газар тойргуудыг өөрийн үзэмжээр зурж байлаа. Үүнд дургүйцсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “чаддаг нь ирээд надтай өрсөлдөөрэй” гэж хэлээд ирснийг нь ялаад гишүүн болж байлаа.

    Мөн АН-ын цэнхэр гэж тооцдог аймгууд, тойргуудад мандат нэмж, улаан гэдэг аймгаас мандаж хассан. Харин энэ удаа энэ эндэгдлийг арилгах байх. Тухайлахад Булган, Говь-Алтайд тойрог нэмэх болов уу гэж харж байгаа юм.

    О.Хуяг

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ