Япончууд ажлын дараа даргатайгаа хамт уудаг корпорацийн соёлоо эргэн харж байна

2019-12-19

Ажлын дараа хамт олонтойгоо уух нь Япончуудын соёлын нэг хэсэг байсаар ирсэн. Үүнийг Номикай гэж нэрийддэг бөгөөд бат бөх харилцаа холбоо тогтоохын гол цөм гэж үздэг.

Харин сүүлийн жилүүдэд ажлын байрны дарамт чухалд тооцогдох болсон нь ажлын дараа цуглан, уух үзэгдэл нь буурчээ. Энэ төрлийн дарамтад ажилтныг бусдаас тусгаарлахаас авахуулаад дээд албан тушаалтны хүчирхийлэлд өртөх бүх дарамт хамаардаг.

Буурсан үзүүлэлт нь нэг талаараа сайн хэрэг боловч шинэ ажилтнуудын даргаа мэдэж авах Японы уламжлалт ёсыг үгүй хийж байна гэж зарим соёл судлаачид үзэж байна.

Киотогийн Их сургуулийн социологийн профессор Күмико Немото “Ажилтныг дургүй байхад зугаа цэнгээний газар луу хүчээр дагуулж явах нь дарамтны нэг төрөл. Өмнө нь Японы корпорацийн соёлд энэ нь энгийн үзэгдэл байсан бол орчин үед ажлын байрны дарамт гэж үзэгдэх болсон” хэмээжээ.

Тус улсын Засгийн газрын зүгээс ажилчдыг ажлын байрны дарамтаас урьдчилэн сэргийлэх шинэ дүрэм журмыг ирэх жил өргөн барихаар болсон байна. Энэ нь мөн илүү цагаар шийтгэн ажиллуулдаг, хэт их ажилласны улмаас нас барсан ч тохиолдол бүртгэгдэж байсан тус улсын ажлын байрны хор хөнөөлийг арилгахын тулд хэрэгжүүлж буй томоохон бодлогын арга хэмжээний нэгээхэн хэсэг юм.

Япон улсад ажлын байрны мөн бэлгийн дарамтын асуудал сүүлийн таван жилд анхаарлын төвд орсон гэж хэлж болно. Үүнээс болж олон ч хүн ажлын байраа алдсан тоо баримт бий. Хэрвээ ажилтан өөрийгөө ажлын байрны дарамтад өртсөн гэж үзвэл хяналтын хэлтэс рүү нэрээ нууцлан гомдол мэдүүлдэг учраас ажилчид ч дор бүрнээ их няхуур хандах болсон аж. Японы нэгэн худалдааны компанид менежерийн ажил хийдэг 47 настай Кацукигыг шинэхэн ажилтан байх үед буюу 20 жилийн өмнө бүх зүйл өөр байжээ. “Манай дарга ажил тарсны дараа чи одоо завтай юу, хоёулаа нэг тийшээ явчихада ирэе гэхэд нь үнэхээр үгүй гэж хэлж чаддаггүй байлаа. Бид нар долоо хоногийн дөрөв өдөр хамт сууж, ууцгаадаг байсан. Ихэвчлэн үйлчлүүлэгчтэй уулзсаны дараа үргэлжлүүлэн суудаг байсан бөгөөд заримдаа хэт оройтсоны улмаас маргааш нь шартах ч үе байдаг байлаа” хэмээн ярилаа.

Тэрээр мөн “Гэхдээ тэр үед би ер буруу зүйл хийж байна гэж өөрийгөө боддоггүй байлаа, учир нь тэгж л даргатайгаа ойр харилцаа холбоо тогтоодог байсан” гэж нэмж хэллээ.

Харин одоо эрэгтэй ажилчид эмэгтэй ажилчдад “чи үснийхээ засалтыг өөрчилсөн байна” гэж хэлж болох эсэхдээ ч итгэлгүй байна. Яагаад гэвэл энэ нь эргээд ажлын байрны дарамт болон хувирах магадлалтай аж.

Эх сурвалж:bbc

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ