Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй

УИХ-аар хэлэлцэж буй сонгуулийн хуулийн төсөлд 50 гаруй зарчмын зөрүүтэй санал оруулж байгаа. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх гэдэг саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан нь өчигдрөөс хойш шуугиан дэгдээгээд байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн учир уг саналыг унаснаар тооцсон. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хорооны санал дүгнэлтээр дахин санал хураалт явууллаа. Санал хураалтын өмнө гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Одоогийн Эрүүгийн хуулиар ялтай байх гэдэг ойлголт байхгүй болсон. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүмүүсийг нэр дэвшихийг хориглох ёстой. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор маш олон хүн ял завшиж байгаа. Тухайлбал, Д.Гарамгайбаатар, Э.Бат-Үүл, Ж.Батхүү, Н.Золжаргал гээд олон хүн байна. Хөөн хэлэлцэх хугацааг дахин хэлэлцэж, 2017 оноос эхлэн тоолох саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга санаачлаад явж байгаа. Энэ хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн ч гэм буруутайд тооцсон. Энэ заалтыг хэн нэгэн хүнд зориулаагүй. Бүр өмнө нь ч энэ төрлийн хэргээр ял шийтгүүлсэн олон хүн байгаа. Нэг хүнээс айгаад энэ заалтыг оруулах гэж байгаа юм биш. Энэ бол зарчмын асуудал.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төрийн албаны тухай хуульд байдаг зарчмаар хууль тогтоох байгууллагыг цэвэр байлгах ёстой гэж боддог. Үүнээс гадна эмэгтэйчүүд сонгох сонгогдох эрхээ эдлэх ёстой, хөгжлийн бэрхшээлтэй 2-3 хүн нэр дэвших эрхтэй. Авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг байр суурьтай байна. Хууль хүн болгонд тэгш үйлчлэх ёстой. Гэхдээ Т.Аюурсайхан гишүүн энэ саналыг гаргасан. Байнгын хорооны хуралдааны үеэр би өөрийн гаргасан саналаа татсан. Энэ саналаас миний нэрийг хасаж өгнө үү.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: Т.Аюурсайхан гишүүн ээ, аль аль намд бүтэлгүй хүн олон байгаа. Би нам дотроо болохгүй, бүтэхгүй хүмүүстэй тэмцдэг. Хөөн хэлэлцэх хугацаагаар АН-ын олон хүн чөлөөлөгдсөн гэж байна. Энэ бол танай намын баталсан хууль шүү.

Ингээд санал хураалт явуулахад авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хориглох саналыг 54.5 хувийн саналаар дэмжлээ.

Уг энэ саналын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй зөрчилдөх эсэхийг нягтлах ёстой гэсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ