
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Шинээр өргөн баригдсан сонгуулийн хуулийн төсөлд улстөрийн намуудын сонгуульд нэр дэвшигчдэд аль нэг хүйсийн доод квотыг 20 хувь байхаар тусгаад байгаа. Энэ нь өмнөх хуульд ч байсан, өөрчлөгдөөгүй хувь. Гэхдээ 2016 онд аль нэг хүйсийн төлөөлөл УИХ-д нэр дэвших квот 30% байсныг 20% болгон бууруулжээ. Тэгвэл одоогийн өргөн баригдсан 20 хувийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж олон хүн үзэж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр төрийн ордонд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг болсон. Дараа нь хэлэлцүүлгийн зочид УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг үзэж сонирхлоо.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Оюунхорол нар сүүлийн үед парламентад эмэгтэй гишүүд нэмэгдсэнээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хүүхэд хамгаалах төсөв гэхэд 10 дахин нэмэгдсэн зэрэг олон давуу талууд гарч буй. Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол Улс олон улсын жишиг үзүүлэлтээс доогуур байна хэмээн үг хэлцгээлээ.
Энэ үеэр мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаар иргэд, сонгогчдоос маш их хүсэлт ирж байна. Утсанд багтахгүй их мессеж ирж байна. Үнэхээр чадварлаг эмэгтэйчүүд байвал УИХ-ын 60, 70% нь эмэгтэйчүүд байхад буруудах зүйлгүй” гэсэн юм.
.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй