• Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг 2475 төгрөг болгож нэмлээ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг нэмэх шийдвэрийг гаргалаа.

    • 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг,
    • 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоолоо.

    Мөн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болгож нэмэв.

    • 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг,
    • тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэв. Үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.

    Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай илчлэг, шим тэжээлийн шаардлага хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн бэлдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд үүрэг болгов.

    2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ