У.Сосорбурам:Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг ажлыг эхлүүлсэн бол  яаж ийгээд ард нь гарч чаддаг онцлогтой хүмүүс

2019-12-18

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, хөдөлмөр эрхлэх боломжийн талаар  Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн  газрын дарга У.Сосорбурамтай ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ямар байна вэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хуулийн заалтууд бодит байдалд хэрэгжиж байна уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний ерөнхий газар  байгуулагдаад жил гаран болж байна. Энэ хугацаанд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талд анхаарч олон ажлыг хийж байна. Үүний нэг нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрѳѳр   эргэн төлөгдөх болон эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр аж ахуйн нэгж байгууллага болон төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг эхлүүлэн ажилласан.

Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тогтвортой ажиллуулах, ажлын байртай болгох зорилт бүхий аж ахуйн нэгж байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох үйлчилгээ юм.

2019 онд 200  аж ахуйн нэгж байгууллага тендер сонгон  шалгаруулалтад оролцож  материалаа ирүүлснээс 69 аж ахуйн нэгж байгууллага нь шалгарсан. Төрийн бус байгууллагад нэг ажлын байрыг таван сая төгрөг гэж тооцон 30 хүртэлх сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгосон.

Харин аж ахуйн нэгж байгууллагад мөн адил нэг ажлын байрыг таван сая төгрөг гэж тооцож, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон. Хамгийн гол нь авсан санхүүжилтээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад зарцуулах, ажлын байрыг бэхжүүлэх   тоног төхөөрөмж авах ёстой гэсэн шаардлагыг тавьсан.

Санхүүгийн үйлчилгээг үзүүлснээр нийт 184 ажлын байрыг бий болгож, мөн тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан байна. Санхүүгийн дэмжлэг авсан байгууллагуудын 70 хувь нь ахуйн үйлчилгээний салбарын буюу оёдлын чиглэлээр болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж байна. Хяналт, үнэлгээ хийгээд явж байхад үнэхээр бахархмаар хөдөлмөрлөж  байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөр эрхлүүлж байгаа байгууллагууд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлдвэрлэгч юм, үйлдвэрлэж чадаж байна, ажил хөдөлмөр эрхэлж чадаж болдог юм байна гэдэг нь харагдаж байсан . Мөн НДШ төлөлт дээр нь бид  анхаарсан. Тухайн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой байгаа эсэх нь нийгмийн даатгалын тайлангаас илүү тодорхой харагддаг.

Энэ жил 910 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, 184 ажлын байр шинээр бий болгож ажилласан байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө ажилд оръё гэж ханддаг уу?

-Ажил хийх чин хүсэл эрмэлзэл, сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй 140  иргэд манай байгууллагад хандсан.  Эдгээр хүмүүсийг бүртгэлжүүлээд ажилд зуучлах үйлчилгээг үзүүлсэн. Үйлчилгээний салбарт 40 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажил олгогч байгууллагад зуучилж, ажлын байраар хангасан байна. Ажилтай болсон одоо болоо гээд орхих биш эргээд бид эргэх холбоотой ажилладаг.

Өөрөөр хэлбэл, “манай зуучилсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил олгогчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу үгүй юу. Ажил  олгогч, ажилтан  хоёрын харилцаанд ямар бэрхшээл гарч байна. Юугаар тусалж дэмжих вэ, ажилд орсон хүн маань ажлын бүтээмж гаргаж байна уу” гэх мэтээр эргэх харилцаатай ажилладаг. Ажил олгогчдын зүгээс  ихэнх тохиолдолд “энэ ажлыг  хийлгээд хэдэн сар харья” гээд туршилтын хугацаа өгдөг. Энэ буруу биш л дээ. Ажил олгогч үйлдвэрлэлийнхээ  гарцыг нэмэгдүүлэх гэж ажилд авч байгаа юм чинь шаардлага тавих нь зүйн хэрэг. Туршилтаар явах хугацаандаа яасан нь мэдэгдэхгүй нэг л мэдэхэд ажлаасаа гарчихсан байдаг. Хөдөлмөрийн харилцаа үүсгэхгүйгээр гарчихвал тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд өөрт нь хохиролтой.

-Ажил олгогч байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёрын харилцаанд ямар бэрхшээлтэй асуудал гардаг вэ. Ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ойлгож, тэднийг дэмжих хандлага хэр төлөвшсөн байдаг юм бэ?

-Ажил олгогч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёрын хоорондын харилцаанд саад, бэрхшээл гардаг. Хэн хэнд нь асуудал байдаг. Нэгдүгээрт, ажил олгогчийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ойлгох нийгмийн хандлага нь учир дутагдалтай байна. Энэ бол харилцааны л асуудал. Ажил олгогч мэдээж шаардлага тавина.

Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн маань тавьсан шаардлагыг нь хүлээж авахгүй, ялгаварлан гадуурхалт гэж ойлгодог. Энэ мэтчилэн хоёр талын харилцаанд асуудал гардаг.  Хоёрдугаарт, тухайн байгууллагад ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний ур чадвартай холбоотой бэрхшээл байна. Ур чадвараа нэмэгдүүлэх, хөгжүүлэх нь хамгийн гол тулгамдаж байгаа зүйл юм.

Тухайн байгууллагад ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн маань зохих хэмжээний ур чадвартай байх ёстой.

Гэтэл бодит байдалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ямар нэгэн дэмжлэг авч байж ажлаа хийдэг. Олон төрлийн бэрхшээлтэй хүмүүс ажилд орж байгаа шүү дээ. Дараагийн нэг асуудал нь саадгүй орчин буюу хүртээмж юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийх хүсэл сонирхолтой хөдөлмөрийн хүмүүжлийг ойлгочихсон, нийгмийн боловсролтой болсон  гэх мэт давуу тал олон байна.

Гэтэл өнөөдөр ажил хийе гэсэн сэтгэл, хөдөлмөрийн бүтээмжийг дарж байгаа шалтгаан нь хүртээмжийн асуудал, ялгаварлан гадуурхалт болоод байна. Энэ байдлаас болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажил хийх эрч хүч сонирхол нь буурдаг. Хүртээмж дотроо дэд бүтэц хамгийн тулгамдаж байгаа асуудал байна. Нэг байгууллагад тэргэнцэртэй иргэн ажилд орлоо гэхэд нөгөө л налуу шат, босго, хаалганы бариул гэх мэтийн стандартыг мөрдөж ажиллахгүй байна.

Саадгүй орчин гэдэг чинь ганцхан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн хүртээмжийн асуудал биш шүү дээ. Монгол Улсын иргэн бүр өнөөдөр хүртээмжтэй, ээлтэй нийгэмд амьдрах ёстой. Ганцхан хөгжлийн бэрхшээлтэй  иргэнд тусгайлан зориулж саадгүй орчин яриад байгаа юм биш шүү дээ. Ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд хэн бүхэнд хамаатай асуудал юм. Стандарт шаардлага нийцээгүй орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэн битгий хэл бид нар явахад бүдэрч унах нь энүүхэнд байдаг. Энэ мэт нийгмийн саадтай асуудлаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд орж хөгжихөд нь саад тулгардаг учраас сэтгэл зүйн дарамт байдаг.

ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ ХАМГИЙН ӨНДӨР БАЙДАГ

-Ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахдаа бэрхшээлээр нь шаардлага тавьдаг. Уг нь ялгаварлаж болохгүй гэсэн хуулийн заалт байдаг  шүү дээ?

-Ажил олгогчид хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах сонирхолтой байдаг.

Гэтэл оюуны бэрхшээлтэй хүмүүс хамгийн хөдөлмөрийн бүтээмж өндөртэй байдаг. Тэр тусмаа сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг нь харагддаг.

Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй байнга уулзаж, эргэх холбоотой байдаг юм. Тэд юу гэж ярьдаг вэ гэхээр оюуны бэрхшээлтэй иргэдийг хүмүүс буруу ойлгодог. Ажлын бүтээмж маш өндөр байдаг. Гараас нь их ажил гардаг.

Яагаад гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сул зогсолт гаргадаггүй. Юу хийж байна яг түүндээ бүх анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Жишээ нь, өнөөдөр ногоон өнгийн утсыг ийш нь ялгаж хийгээрэй гэж хэлсэн л бол яг тэрийгээ хийдэг. Нэг ажлыг бариад авахаараа өндөр төвшинд хийж чаддаг. “ Ажил олгогч байгууллагуудтай уулзалт хийж явахад сонсголын бэрхшээлтэй иргэдийн ажлын бүтээмж маш өндөр байдаг гэдгийг ажил олгогч байгууллага мэдэрчихсэн байгаа нь илт байдаг.

Ер нь хөдөлмөр эрхэлж байгаа  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараад байхад яаж ийгээд түүнийхээ төлөө зүтгэдэг. Нэг зүйлийг барьсан л бол ард нь гарч чаддаг онцлогтой, хичээл зүтгэлтэй хүмүүс байдаг.

Өөрийнхөө төлөө, нийгмийнхээ төлөө зүтгэх ёстой гэсэн сэтгэл нь илүү хөгжсөн давуу талтай хүмүүс байдаг.

ГЭНЭТИЙН ОСЛООР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ АСАР ХҮНД БАЙДАГ

-Зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд өөрийгөө бусдаас өөр гэж тусгаарладаг хандлага нь ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, хамт олонтой байх гээд боломжийг нь хаадаг юм шиг санагддаг. Энэ сөрөг хандлагыг яаж өөрчлөх ёстой вэ?

-Монгол Улсын хэмжээнд 105.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. 103 мянга байсан ч нэмэгдсэн харамсалтай шинэ тоо баримт байна. Цаашдаа хэд  болж нэмэгдэхийг хэлж мэдэхгүй. Эрт илрүүлэлт, оношлогоогоо л сайн хөгжүүлэхгүй бол энэ тоо нэмэгдсээр л байна.

Олдмолоосоо илүүтэйгээр гэнэтийн ослоор хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа олон хүн байна. Үйлдвэрлэл, авто замын ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх хувийг эзэлж байна. Сайхан, сайхан залуучууд, эмэгтэйчүүд гэнэтийн ослоор хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа нь үнэхээр харамсалтай.

Тиймээс олдмол гэхээсээ илүү гэнэтийн ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон хүний сэтгэл зүй асар хүнд байдаг. Өөрийгөө бусдаас ялгаж, дөрвөн хананы дунд өдрийг өнгөрөөж байгаа хүмүүс нь гэнэтийн ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс байдаг юм. Энэ хүмүүс л  гэрээс гарах дургүй байдаг.

Тэгвэл эд нартай хэн ажиллах ёстой юм бэ гэдэг асуудал гарч ирч байгаа биз.   Би энэ асуудалд Гэмтэл согог судлалын эмнэлэгтэй хамтарч ажиллах нь зөв юм байна гэж боддог.  Гэмтлийн эмнэлгийн  удирдлагуудтай  ярилцаж байхад “Сайхан залуучууд гэнэтийн ослоор хөгжлийн бэхшээлтэй болж байна. Аваар, ослоор эсвэл зодоон нүдээн болон бусад асуудлаар эмнэлэгт ирдэг. Хагалгаанд орно. Энэ хүн ийм бэрхшээлтэй боллоо, босож чадахгүй шүү, харж чадахгүй шүү гээд ар гэрийнхэнд нь хэлдэг. Ар гэрийнхэн нь бас сэтгэл зүйн дарамтанд орно. Өөрөө ч ухаан орж, байгаа байдалтайгаа эвлэрч чаддаггүй. Хаашаа хандахаа мэдэхээ байдаг” гэж ярьж байсан. Ерөөсөө би яаж амьдрах юм бэ, цаашдаа яах юм бэ гэсэн бодол л толгойд нь эргэлдэж шоконд ордог. Яг энэ байдал дээр нь бид хамтарч ажиллах ёстой.  Манай байгууллагын харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа Сэргээн засах эмнэлэг  рүү хандах шаардлагатай. Ухаан орлоо хаашаа хэнд хандахаа мэддэггүй. Энэ эмнэлэгт ирснээр  нөхөн сэргээх эмчилгээ, сэтгэл зүйн эмчилгээ гээд бүх төрлийн эмчилгээг авна.

Та хөгжлийн бэрхшээлтэй болсноор таны амьдрал дуусаагүй. Харин ч танд боломж байна. Та ингэх ёстой, тэгэх ёстой гээд олон талаас нь ойлгуулдаг. Багш хүн бол та багшаа хийж чадна ч гэдэг юм уу. Үнэхээр мэргэжлийн ажлаа хийж чадахааргүй бол тэгвэл танд  ийм боломж байна гэх мэт дахиад нийгэмд ороход нь бэлтгэж өгөх ёстой. Нэг үгээр хэлэхэд, өөрийгөө хэн ч биш болчихлоо гэсэн хандлагыг нь өөрчлөх шаардлагатай байгаа юм. Яг өнөөдөр манайд энэ асуудал  байхгүй, дутагдсанаас болж гэртээ өөрийгөө хорьдог хүмүүс бий. Мөн хороо, дүүргүүдэд ажиллаж байгаа нийгмийн ажилтангууд болон хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд  энэ асуудал дээр голлон ажиллах шаардлагатай байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулагдахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Ашгүй биднийг нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож эрхээ эдлэхэд  сонсдог дэмждэг газартай боллоо” гэж үнэхээр их баярласан. ЖАЙКА олон улсын байгууллага ХНХЯ-наас хийсэн судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олонх нь өөрсдийн гэсэн хөдөлмөрийн биржтэй больё  гэсэн асуудлыг хөндсөн байсан. Ерөнхийлөгчийн 121 дүгээр зарлигт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн биржтэй болох талаар тусгагдаж   ирэх оны эхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх хөдөлмөрийн биржийг ажиллуулна. Бусад холбогдох төрийн  байгууллагуудын уялдаа холбоо энд ажилд маш чухал байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АР ГЭРИЙНХЭН НЬ НИЙГМИЙН ОЛОН ТАЛЫН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд дадлагажуулж сургах,  ажлын байранд бэлтгэх шинэ үйлчилгээг үзүүлээд эхэлсэн байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Европын холбооны төсөлтэй хамтраад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд дадлагажуулагч сургагч багшийг бэлтгэсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байранд тулгамдаж байгаа асуудал дээр нь дэмжлэг үзүүлж, тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөрийн төлөвшилт  автал нь 3-6 сарын хугацаанд дэмжлэг үзүүлж ажиллаж, сургах юм.

Одоогоор 19 дадлагажуулагч багшийг бэлтгэсэн. Эдгээр хүн маань хөдөө орон нутагт мөн адил ажилд дадлагжуулагч сургагч багш бэлтгэх юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуулиар олгогдсон эрх үүргээ хэр сайн мэддэг вэ. Хуулиар олгосон эрхээ эдэлж чадвал бусдын адил ажиллаж хөдөлмөрлөх боломжтой гэж ярьдаг шүү дээ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн  харилцаанд орох, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмд өөрийн эрхийг эдлэх гээд энэ бүхэн дээр гэр бүл нь нэн түрүүнд туслах ёстой. Асран хамгаалагчид дэмжлэг үзүүлж хажууд нь байнга явж байдаг шүү дээ. Энэ хүмүүс маань өөрсдөө нийгмийн олон талын ойлголт, мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Тэгж байж тэр хүний эрхийг эдлүүлж чадна шүү дээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний өөрөө идэвхи чармайлт гаргах хэрэгтэй. Манайд дутагдаж байгаа бас нэг асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагчийг бэлтгэх асуудал юм. Өнөөдрийн бодит байдал асран хамгаалагчдаа найдчихаад л явж байна.

Бид Болороог сайн мэднэ. Ээж нь, Болороо өөрөө үнэхээр дайчин мундаг. Болороо хүнд хэлбэрийн саажилттай. Гэтэл нийгмийн дуу хоолой болоод бусдын төлөө явж байна гэдэг үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Ээж нь охиныхоо төлөө бүгдийг хийсэн байна. Би юу гэх гээд байна вэ гэхээр Монголд Болороо шиг хүмүүс олон бий. Тэд Болороо шиг болох боломж дүүрэн байгаа шүү гэдгийг л хэлмээр байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Болороо шиг болох боломж, чадвар байна. Хамгийн гол нь бид түүнийг дэмжиж өгөх ёстой юм. Нэг жишээ ярья л даа, гэнэтийн ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон багш эмэгтэйтэй би уулзаж байсан.  Тэр хүн “Би ч ажлаа хийнэ гэж худлаа юм шиг байна. Миний өрөө гурван давхарт байдаг. Дээшээ гарах гэж хэцүү юм” гэж ярьж байсан. Уучлаарай, тэгвэл тэр сургуулийн удирдлагууд ажлын байрыг нь нэг давхарт болгож өгөх хэрэгтэй. Тиймээс тэр сургууль дээр очиж хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгох нөлөөллийн ажлыг хийсэн. Үүний үр дүнд хандлага нь маш өөр болсон. Энэ мэтчилэнгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бид ойлгож,  багахан сэтгэл гарахад энэ хүмүүсийн амьдрал, хандлага өөр болох боломж байна гэдгийг  хэлмээр байна.

Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх, хандлага өөрчлөгдсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө нийгмийн хандлага, сэтгэл зүйг мэдэрчихсэн олон талын мэдлэг боловсролтой залуус их болсон байна. Энэ хүмүүсийг бодлогоор дэмжиж ажиллах шаардлагатай.

-Томоохон аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах сонирхол хэр байдаг вэ. Уг нь Хөдөлмөрийн тухай хуульд 25-аас дээж ажилтантай байгууллага 4-5 орон тоонд бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ёстой гэсэн хуулийн заалт бий. Энэ заалтын хэрэгжилт ямар байна вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилт. 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага ажил албан тушаалынхаа  дөрөвний нэгт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ёстой гэсэн заалт бий. Энэ хуулийн заалтын хэрэгжилт ямар байгааг хүн болгон ярьж асуудаг.

Бид ажил олгогч байгууллага хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан, ажлын байраар хангаагүй бол төлбөрөө төлж байна уу үгүй гэдгийг шалгах эрх байхгүй.

Мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Ажил олгогч байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй бол жил бүр төлбөр төлнө. Энэ төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 хэрэгжилт  хөдөө орон нутагт хэрэгжих нь хүндрэлтэй. Учир нь орон нутагт 25-аас дээш ажилтантай байгууллага тун цөөн.

ЗАСГИЙН ГАЗРЫН 111 ДҮГЭЭР ТОГТООЛ ААН БАЙГУУЛЛАГУУД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ АЖИЛД АВАХ НЭГ ТОМ ХӨШҮҮРЭГ БОЛСОН

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тогтвортой ажлын байраар хангасан аж ахуйн нэгжийг урамшуулах, ямар нэгэн байдлаар дэмжсэн хөшүүрэг байдаг уу?

-Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан бол татвараас хөнгөлөх, үйл ажиллагаагаар нь дэмжих гэдэг ч юм уу урамшуулал, хөшүүргийг  сайжруулах  шаардлага байгаа юу гэвэл байгаа. Засгийн газрын 111 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлдөг төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулж  өгсөн. Миний хувьд үүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аж ахуйн нэгжүүд ажилд авах том хөшүүрэг болсон гэж харж байгаа. Сүүлийн үед нийгмийн хариуцлагын хүрээнд  ажил олгогч байгууллагууд манай байгууллагад их хандаж байна.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулъя, манайд ийм ажлын байр байна гэх мэтээр ажлын байрны захиалга ирүүлэх  хандлага ихэссэн.

-Төрийн байгууллага дээр хуулийн хэрэгжилт ямар байна вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байгаа төрийн байгууллага байна уу?

-Хуулийг бодит байдалд хэрэгжүүлэх хамгийн анхны нэгж нь төрийн байгууллага өөрсдөө. Гэвч төрийн байгууллага дээр энэ хуулийн заалт хэрэгжихгүй л байна. Манай байгууллага дээр 3,4 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн хариуцан ажиллаж байна. Мөн тулгуур эрхтний бэрхшээлтэй залуу хуульч хийж байна. Хавсарсан бэрхшээлтэй иргэн мэдээлэл хариуцан ажиллаж байна. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй залуучууд маань хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ажиллаж байна.

Саяхан Зам тээврийн хөгжлийн  яам хөгжлийн бэрхшээлтэй ажил хайж байгаа иргэдийн судалгаагаа ирүүлнэ үү гээд хандаж байгаа нь сайшаалтай санагдаж байсан.

Төрийн байгууллага ажил олгогч мөн үү мөн.  Тэгвэл жил бүр төсөв батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах орон тоо бусад зардлыг төсөвтөө суулгаж өгөх шаардагатай. Яагаад ажиллуулахгүй байна вэ гэдэг асуудлыг тавихаар төсөв байхгүй гэсэн  хариулт хэлдэг. Ийм байж болохгүй шүү дээ. Адилхан л хуулийн хэрэгжилтийг хангах ёстой.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Zarim aj ahuin negj hugjliin berhsheeltei irgediig ajilluulchihaad tsalin uramshuulaliig yalgawarlah handlagaar yalgaatai ugdug.yag ijil tsag ijil ajil hiij bhd hugjliin berhsheeltei bus hvnd n uramshuulal tsalin ilvv uguh geh met.hugjliin berhsheeltei bus irgeniig 800.000s deesh tsalinjuulsan murtluu hugjliin berhsheeltei irgeniig 600.000gaas deesh nemdeggvi.sonsgoliin berhsheeltei l bolohoos busadtaigaa chuluutei haritsan uur yalgagdah yumgvi ajillaj baihad l yalgawarlan tsalin nemehgvi ajilluuldag.

Холбоотой мэдээ