
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, 2019 оны эхний 11 сарын статистик мэдээллийг танилцуулав.
Мэдээллээр “Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар хураамж эхний арваннэгдүгээр сарын байдлаар 2.4 их наяд төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн арваннэгдүгээр сарын эхний байдлаар дөрвөн их наяд төгрөгт хүрсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11.7 хувь буюу 1.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарч байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний арванэгдүгээр сарын гүйцэтгэлээр 11.6 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 781.7 сая ам. доллар буюу зургаан хувиар өссөн үзүүлэлттэй байна. Экспортын бүтээгдэхүүний хэмжээ 7.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 974.8 сая ам.доллар буюу 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийн талаар дурдахад 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул ашиглалтын 2805 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа” ажээ. Мэдээллийн дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-“Эрдэнэс Таван толгой” компанийн IPO гаргах ажил ямар шатандаа яваа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO нэлээд хугацаанд яригдаж, төрийн үйл ажиллагааны процесс үе шаттай явсан. Хувийн компани гэхээсээ илүүтэй төрийн өмчит улсын үйлдвэрийн газар шилэн болгох, нээлттэй болгох, засаглал сайтай болгох тал руу явж байна. Анхны юм гэдэг тэр болгон санаснаар байдаггүй юм байна. Бид нэлээн өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн IPO хууль, техникийн зөвлөхөө сонгосон. Олон улсын бирж дээр хувьцаа гаргахын тулд нэгдүгээрт хүссэн хэмжээний хөрөнгө мөнгөө босгох ажил бий.
-Хувьцааны ногдол ашиг тараах асуудал УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр яригдсан?
-Одоо 26 мянган төгрөг өгөх үү. Эсвэл 5 жилийн дараа төмөр замаа тавиад, баяжуулах, коксын үйлдвэрүүдээ бариад, эрчим хүчний эх үүсвэрээ шийдчихье. Улмаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаад, үйл ажиллагаа, цар хүрээгээрээ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болчихоод, дараа нь 5, 10 дахин ногдол ашиг хуваарилж болно. Энэ бодлогыг л Засгийн газар барьж байгаа. Өнөөдөр улс төр хийж байгаа хүмүүсийг сайн ойлгож байна. Харин бид хувьцааны үнэ цэнийг өсгөх, компанийн үнэлгээг тогтоох ажлыг хийж байгаа. Олон улсын биржийн үнэлгээний стандартаар бид үнэ цэнийг тогтоох ёстой. Тиймээс зөв юмаараа улс төр хийгээрэй гэж хэлмээр байна. Энэ сэдвийг барьж аваад явбал сонгогдох байх гэсэн ойрын бодолтой байх ёсгүй. Мэдээж шүүмжлэх зүйл байлгүй яахав. Зөв шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ бид бүтээн байгуулалтаа хийх хэрэгтэй. Гашуун сухайтын төмөр замын ажил эхэлчихсэн. Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эд өрнөж байна. Өнөөдөр улсын эдийн засаг ямар байгаа билээ. Өсөж байгаа ч гэсэн амаргүй хүнд нөхцөл байдалтай байгааг сайтар ойлгох ёстой.
-Оюутолгойтой холбоотой асуудал тухайлахад хөрөнгө оруулагчидтай хэзээ уулзах вэ?
-Оюутолгой манай эдийн засгийн ачааны хүндийг нуруундаа үүрч байгаа төсөл. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил төсөөлснөөс илүү хурдтай урагшилж байна. 1300 метрийн гүнд 45 -50 метрийн өндөртэй том хонгил дотор дэлхийд байхгүй том бутлуурын цехийг монгол залуучууд барьж, байгуулж байгаа. Энэ бутлуурын цех далд уурхайгаас гарах хүдрийг буталж, цаашаа баяжуулах цех рүү явуулна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дэлхийд байхгүй ажил. Тэнд 14 мянган монгол ажилчин ажиллаж байгаа. Хүний нөөц дээрээ бид маш их капитал бүрдүүлж чадаж байна. Нэг хүнийг бэлтгэхэд ямар их ажил болдог билээ. Улсад 2.7 тэрбум ам.долларыг төлчихөөд байна. Өнөөдрийн эдийн засагт Оюутолгойн эзэлж буй суурь том. Тийм учраас энэ төслийг дэмжиж ажиллах ёстой. Харин хууль, журмын хүрээнд нийцүүлэхийг шахаж, шаардах нь зөв. УИХ-ын 92 дугаар тогтоолд маш тодорхой заалтууд оруулсан. Тэр дагуу хэлэлцээрийн ширээний ард сууна. Ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ сайд ахлах байх.
-Манай улс одоогоор 34 сая тонн нүүрс экспортолсон. Уг нь 42 сая тонныг гаргана гэж төсөвт тусгасан, хүрсэнгүй. Ирэх жил ч бас 42 сая тонныг гаргана гэсэн. Энэ зорилтдоо хүрч чадах уу?
-Манай яамнаас төлөвлөгөө баталж өгсөн, 32 сая тонноор. Гэтэл төсөв батлагдах гээд Сангийн яаманд очоод, 42 сая тонн болчихсон. Бидний баталсан төлөвлөгөө биелээд явж байгаа. Мэдээж Засгийн газраар баталчихсан, УИХ-аар орчихсон тогтоол учраас 42 сая тоннд хүргэхээр бүхий л талаар хичээж ажиллаж байна. 11, 12, 1 сар бол Хятадын нүүрсний дотоод зохицуулалтыг хийдэг үе. Энд ямар нэг улс төр байхгүй. Ямар ч улс дотоодынхоо үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахын төлөө зохицуулалт хийдэг. Тиймээс манайд тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байгаа юм.
-Сайжруулсан түлшний түүхий эд дуусч байгаа юу?
-Сайжруулсан түлшний түүхий эд дуусахгүй. Явдгаараа явна. Ирэх жил үйлдвэрийн тоог нэмэгдүүлнэ.
-Нефть боловсруулах үйлдвэр ямар шатандаа яваа вэ?
-Төслийн үйл явц хэвийн явж байгаа. Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явц төлөвлөснөөс хурдан явж байна. Энэ маш том төсөл шүү.11 дахин том үйлдвэрийн байгууламж баригдана гэдгийг иргэд ойлгох ёстой. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно.
-Ирэх онд уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төсөл юу байна вэ?
-Уул уурхайн салбаргүйгээр Монгол Улсын эдийн засгийг төсөөлшгүй. Энэ салбараар дамжуулж уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахын тулд эрх зүйн орчныг тогтвортой байлгах хэрэгтэй байна. Олон тусгай зөвшөөрөл шат дамжлагыг багасгах хэрэгтэй байна. Хараа хяналт бүх шатанд байх ёстой. Сум, аймаг, орон нутгийн хүнд суртлыг багасгах ёстой. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой дагалдах хуулиа өргөн барихаар бэлдэж байгаа. Засгийн газрын түвшинд алт, ураныг бүрэн мэдэлдээ авч, Засгийн шийдвэр эцсийнх байх ёстой гэдэг ийм төлөвлөгөөтэй явахгүй бол манайх шиг стратегийн гэж хэлж болох алт, жоншны салбараа талын нэг тараасан улс байхгүй. Жишээ нь Үндэсний геологийн алба байгуулж байж бусад уул уурхай болон тэргүүлэх салбар цэгцдээ орно.
Тусгай албад, тагнуулын байгууллагууд тэргүүлэх салбаруудтай зэрэгцэн орших ёстой. Төрийн ой санамжийг бүдгэрүүлсэн олон хүнийг ажилгүй болгосон үйл явдал Монголын төрийн түүхэнд бий. Үүнийг засах залруулах олон ажил шат дараатайгаар хийгдэж байна.
Хууль бусаар алт олборлосон, хил давуулсан тохиолдолд оноох ялыг нэмэгдүүлэх тухай хууль эрх зүйн хувьд тусгах талаар ажиллаж байна. Гаалийн хяналт бас маш чухал. Цианит зэрэг хортой бодис нэвтрүүлж байна уу гэдгийг анхаарах нь зүйтэй.
Монгол улсад олборлож байгаа бүх алтыг нэгтгэж төвлөрүүлэх хэрэгтэй байна. Төв банк алтны нөөц, валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой. Метан хий агаарын бохирдолд нөлөөж байгаа. Энэ асуудал дээр ажиллаж байна. Нүүрснээс байгалийн нэмэлт хий гаргаж авах тухай ажил Япон улстай томоохон төсөл, зэс боловсруулах үйлдвэр байгуулах тухай яригдаж байна. Мөн Энэтхэг, Казакстан зэрэг улсуудтай хамтран ажиллахаар яригдаж байна.
-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд?
-Алт цэвэршүүлэх үйлдвэр Лондонгоос эрхээ авдаг. Бүх шаардлага хангасан бичиг баримт нь хэвийн болсон. Хөгжлийн банктай бид ярьж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэр баригдсанаар эзийн засагт том дэм болно. Алтан дээр суурилсан төгрөг гэдэг бодлогыг баримтлахаар бэлдэж байна. Валютын ханш өсөхөд бид алт цэвэршүүлэх үйлдвэртэй байснаар технологи дунд нь 50 гр, 10 гр, 100 гр гээд явах бүх шийдлүүдийг гаргаад, алтаа үйлдвэрлээд үндэсний гар урлалаа буюу гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ дэмжих, валютын урсгалаа хадгалах хэмжээнд барих ёстой. Алт цэвэршүүлэх үйлдвэрээс гарах үр дагавар эдийн засагт том тус болно. Жилд 25 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэж харж байна. “Алтан дээр суурилсан төгрөг” төсөл цаашид амжилттай хэрэгжих байх гэж найдаж байна. Уул уурхайн салбарын бодлого валютын нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ гэж л зорьдог.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
Сумъяабазар санасаныг бодвол санаачлагатай, сйан ажллаж байгаа. Уул уурхайн үйлдвэрлэлийг геологигүйгээр төсөөлөшгүй. Геологийн алба чухал. Харин удирдах хүнийг хэн нэгний захиас, даалгавар, танил тал гэхгүйгээр шудрага, боловсрол өндөр, ажилд санаачлагатай хүн томилох хэрэгтэй. Үнэнийг хэлхэд сүүлийн үед Геологийн удирдлага их суларч байнаа.Хархад сүрхий ажилч мэт жүжигчингүүд олширвол Алба байгаад ч нэмэргүйээ.
таван толгой оюутолгойн араас уу??ашигтай юмаа бусдад зарах.ирээдүйд ашиггүй.сайхан билэг шиг ашиггүй юм биш үү.нэг жилийн орлогоор гучин хувиа