Нэг л их гуньсан, туньсан хүмүүс

Сүүлийн үед Монголд гуньсан, туньсан хүмүүс л дүүрэн болж. Тэднээс ганц хоёрыг нь жишээ болгоё.

Өчнөөн олон жил хүнсний ногоо тарьж, тарьсныхаа төлөө ТЭДС, ЖДҮХС гэх мэт сангийн мөнгөөр угжуулж, ургуулсныхаа хүчинд хөлжиж авсан нэгэн саяхан их л омогтойгоор би тарихаа болилоо хэмээн гуньж, туньсанаа илэрхийлсэн.

Монголын толгой бизнесмэнүүдийн нэг хэмээгддэг Л.Чинбат төрөөс асар их дэмжлэг авч бизнес хийж, тариа, ногоо тарьсныхаа төлөө хөдөлмөрийн баатар болж, хэн хүнээс дээгүүр яваа нэгэн. Гэвч сангуудыг хоосолсон нь илэрснээр ийнхүү гуниж, тунин тарихаа болихоо мэдэгдсэн.

Тэгвэл энэ удаа нийслэлийн дарга нарын гуньж, туних ээлж иржээ. Тэд Замын санд хуримтлагддаг зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг НИТХ-аар гаргуулсан.

Гэвч тэдний дээр том дарга бас намынх нь эрх ашиг байдгийг мартаад ийн аашилж. МАН-ын дарга, Ерөнхий сайд дуудаад татварыг буцаагаад буулгахыг зөвлөж. Гудамжинд ард түмэн ч эсэргүүцэж таарч. Ингээд НИТХ өчигдөр хуралдаад уг шийдвэрээ хүчингүй болголоо. Үүнийг л манай хэд улстөржөөд хайран шийдвэр унагачихлаа хэмээн шогшрох.

Уг нь ард түмнийхээ амьдралыг ямар байгааг мэдэхийн цаагуур мэдэж байгаа бас ирэх жил ээлжит сонгууль болох гэж байхад ийм мэдрэмжгүй шийдвэр гаргуулсан нь өөрсдийнх нь буруу. Сөрөг хүчнийхэн асуудлыг улстөржүүлсэн нь бол үнэн л дээ.

Гэхдээ ийм гоё идеа гарч ирж байхад түүнийг өлгөж аваад давхихгүй бол сөрөг хүчин байгаад яах билээ тийм үү. Өмнө нь нийслэлийн төсөв муу байсан нь үнэн. Гэсэн ч ийм шийдвэр гаргадаггүй л байсан. Өмнө нь гаргаагүй шийдвэрийг сонгуулийн жил угтаж гаргаад амжилт олох уу гэдгээ тооцмоор.

Тэгээд ч замын төлбөр нэмж нийт олныхоо хармаанаас нэг зоос ч болтугай илүү авах гэж хөглөснөөс төрийн албыг үнэнчээр хашиж, төсөл, тендерээ шударгаар явуулж, шахаа, унацаа больчиход л энэ зэргийн мөнгө гараад ирнэ.

Өчигдөр гэхэд Сүхбаатарын талбайг тойруулаад оршуулгын хөшөө шиг чулуу тавьсан байна лээ. Энэ мэтийн шахаагаа л больчихвол дээр биш гэж үү. Чөлөөтэй сайхан талбай маань байж л байг даа. Тойруулж хашаад давчдуулаад байх ямар хэрэгтэй вэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ