
Одоогоос хоёр жилийн өмнө Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсад 103 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэх судалгааг гаргаж байв. Тэгвэл энэ тоо энэ оны байдлаар даруй хоёр мянгаар нэмэгдэж, манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 105.6 мянгад хүрчээ. Click To TweetХөгжлийн бэрхшээлтэй эдгээр иргэдийн 70 гаруй мянган ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Харин үлдсэн нь ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг юм.
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй 70 гаруй мянган иргэдийг ажлын байраар хангаж, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн өдөр тутмын харилцаанд ордог болгох нь хамгийн чухал. Үүнд төр хувийн хэвшил гээд салбар дундын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн заалт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хуулиудад туссан байдаг.
Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 111-т Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг зүйлчилж өгсөн.
Тус хуулийн
- 111.1-д 25 түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна.
- 111.2-т Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.
Хэрэв дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж ажиллуулаагүй бол орон тоо тутамд сар бүр төлбөр төлөх зохицуулалт бий.
Засгийн газрын 2009 оны 26 дугаар тогтоолоор
- 50 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгж байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дөрвөн хувиар,
- 51-ээс дээш ажилтантай бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар тус тус төлбөр төлдөг байсан. Үүнд нийслэл болон Орхон, Дархан аймаг хамрагдана.
- Бусад аймагт 51-ээс дээш ажилтантай бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар төлбөр төлдөг байв.
Аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахаас илүү багахан хэмжээний төлбөрөө төлөөд явахыг илүүд үзэж байснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажил хөдөлмөр эрхлэх дээрх хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байсан.
Тиймээс үүнийг засаж аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээнд энэ оны Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор Click To Tweet өөрчлөлт оруулсан.
- Хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд 1 гэж тооцож тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр сар бүр төлбөр төлөх.
Энэ нь нийслэл болон Орхон, Дархан-Уул аймагт хамаарна
- Бусад аймагт тухайн байгууллагад ажиллагчдын дундаж цалингийн 60 хувиар сар бүр төлөх төлбөрийн хэмжээг өндөрсгөсөн.
Ингэснээр аж ахуйн нэгж байгууллага сар бүр өндөр төлбөр төлөхийн оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах сонирхлыг нэмсэн хөшүүрэг болж өгсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй