• Хийн хоолойг Монголоор дамжуулна гэж одоо хөөрцөглөх хэрэггүй

    Оросоос Хятад руу тавих  хийн хоолойг Монголоор дамжуулах асуудал одоогоос 20 гаруй жилийн өмнөөс анх хөндөгдөж байж.

    Тухайн үед Оросын “ЮКОС” хэмээх том компанийн захирал, олигархи М.Ходорковский уг асуудлыг хөөцөлдөж Монголд хүртэл ирж байсан тухай ОХУ-д Монгол улсыг төлөөлөн Элчин сайдаар сууж байсан Л.Хангай  ярилаа.

    “Хийн хоолойн ирээдүй” сэдэвт уулзалт өнгөрсөн баасан гаригт Хэвлэлийн хүрээлэнд болсон бөгөөд Л.Хангайгаас гадна эдийн засагч, доктор А.Даваасүрэн оролцож сэтгүүлчдэд хийн хоолойн асуудлаар тодорхой мэдээлэл өгсөн юм.

    Л.Хангайгийн хэлснээр,ОХУ-ын Эрхүү хотоос хойш 400 км-т хоёр их наяд шоо метрийн нөөцтэй том орд Ковыткагийн байгалийн хийн орд байдаг аж. Энэ ордоос Эрхүү, Ангарск, Саянск хотууд руу хий дамжуулах хоолой барих бөгөөд энэ хоолойг Хятад руу явуулах аж . Харин Хятад руу хийн хоолой татахдаа манай нутгаар 1060 км дамжуулах уу, баруун хилийн цаагуур явуулах уу гэдэг асуудал өдгөө ид яригдаж байгаа билээ.

    Саяхан Орос, Хятадыг холбосон  “Сибирийн хүч-1” хийн хоолойг нээсэн.  Манай зүүн хилийн цаагуур татсан уг хоолойг барууны технологиор барьсан компаниудыг удаан зүгээр суулгахгүйн тулд дараагийн ажлыг даруй хийлгэж магадгүй. Манайхаар хийн хоолой тавих асуудал ч удахгүй нэг тийш шийдэгдэж магадгүй  гэсэн үг.

    Хэрвээ Монголоор хийн хоолой дамжвал бидэнд ямар ашигтай вэ?

    Орос бол хамгийн том хий үйлдвэрлэгч бол Хятад хамгийн том хэрэглэгч. 2025 он гэхэд Хятадын хийн хэрэглээ 350 тэрбум тонн шоо метрт хүрэх аж. Ингэхлээр Оросууд хийгээ зарах,Хятадууд авах хоёрын эрх ашиг нэг гэсэн үг.Гагцхүү Монголоор дамжуулах уу, гадуур нь явуулах уу гэдэг хоёр улсын тохиролцооны асуудал.

    Хэрвээ хоёр улс зөвшөөрөөд хийн хоолойг Монголоор дамжуулбал бидэнд яг ямар ашигтай вэ.

    Л.Хангай, А.Даваасүрэн нарын ярьснаар,дараахь ашиг орлого,үр өгөөж бидэнд ирнэ.

    Хийн хоолойг Монголын газар нутгаар явуулсны төлбөр манайд ирнэ.1000 куб хийг 100 км-т дамжуулахад 2.5 орчим ам.долларын өртөгтэй байдаг аж. 2018 онд Украин улс 86 тэрбум шоо куб хий дамжуулаад 3 тэрбум ам.долларын орлого олжээ. Тэгэхээр 38 тэрбум шоо куб хийг манай нутгаар дамжуулахад дор хаяж 1 тэрбум ам.доллар олох боломжтой аж.

    Дараагийн нэг ашиг нь  манай улс утаагүй болох боломж бүрдэнэ. Байгалийн хий бол экологид хамгийн хор хөнөөл багатай эрчим хүчний хэрэглэгдэхүүн учраас дулааныхаа асуудыг шийдчихнэ гэсэн үг. Мөн хийн хоолойг барих  барилгын ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1354 хүн ажиллана гэх мэтээр тооцоо хийжээ.  “Руссия Петролиум” 2000 оны эхээр судалгаа хийсэн. Монголын нутгаар дамжих хоолойнд шахуургын станц 6-8-ыг барина. Тэнд хүмүүс ажиллана гэх мэт.

    Хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлаар Оросуудтай л яриа төдий байгаагаас  Хятадуудтай яриагүй

    А.Даваасүрэн доктор “Гэхдээ хийн хоолойг барих хөрөнгийг хэн гаргах уу. Аль улсын ажиллах хүчний тусламжтайгаар барих вэ, ямар технологи ашиглах уу гээд маш их судалгаа, үндэслэл хэрэгтэй.  Түүнээс биш одоо ямар ашиг оногдох вэ, хэдэн ам.доллар уу гэж ярих нь утгагүй асуудал” гэлээ.

    Мөн тэрбээр “Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах эсэхийг хэлэлцэж байгаа ч энэ бол эцсийн шийдвэр биш. Хэлэлцэж ярилцана гэдэг өөр хэрэг, амьдрал дээр хэрэгжих нь бас өөр хэрэг. Нэгэнт санамж бичиг байгуулсан бол энэ асуудлыг цааш нь гүнзгийрүүлж судлах, эрдэмтдийг татан оролцуулах ёстой.

    Хятад бол байгалийн хий хүлээж авах гол хэрэглэгч учраас  БНХАУ-ын талтай яг энэ мэтчилэн уулзаж санамж бичиг байгуулах, цаашлаад гурван талын хамтын ажиллагааны хүрээнд хийн хоолойн ажлыг цааш нь явуулах нь зүйтэй юм” хэмээсэн.

    Л.Хангай “ОХУ-ын тухайд Ерөнхийлөгч В.Путин Газпромын захирал А.Миллерт Монголоор дамжуулж хийн хоолой татах асуудлыг судлах үүрэг өгөөд байгаа. Харин Монголын талаас уг хоолойн ажилд хэн оролцож хариуцах вэ гэдгээс эхлээд тодорхойгүй зүйл олон байна. Миний хувьд “Эрдэнэс Монгол компани” хариуцахад боломжийн гэж харж байгаа” гэв.

    38 тэрбум шоо куб хийг манай нутгаар дамжуулахад дор хаяж 1 тэрбум ам.доллар олох боломжтой аж. Хийн хоолойн ТЭЗҮ-г хоёр жилд хийх бол хоолойг 4 жилд барих боломжтиой аж. Гэхдээ барих хугацааг наашлуулах бололцоотой гэнэ. Учир нь “Сила Сибирь”-ийг 3000 км зам харгуйгүй, ой шугуй, гол мөрөн дамжуулан барьсан хэдий ч 4 жилд барьсан. Манай нутгаар бол ихэнхдээ тал нутгаар явах учир барих ажилд хүндрэл гарахгүй байх боломжтой.

    Оросын удирдагчид Монголын нутгаар байгалийн хийн хоолой барихаар аман амлалт өгдөг байсан бол энэ удаа санамж бичигт гарын үсэг зурсан. Харин судалгаа, ТЭЗҮ-г хийх ажлыг цаг алдалгүй эхлүүлэх нь чухал болохыг ч судлаачид онцолж байсан.

    Гэхдээ үүнд итгэхгүй байгаа нөхдүүд ч цөөнгүй байгаа. Тухайлахад, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байна. Тэрбээр “Хоёр тал оролцоод хийчихэж болох төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй”, “Энэ асуудлыг яахаа өөрсдөө мэд” гэвэл “Манайхгүйгээр танайх энд юу ч шийдэхгүй” гэсэн үг. “Урд хөршөөсөө асуу гэвэл хоёр хөрш маань уг асуудлыг явуулахгүй байхаар тохирчээ гэж ойлгоход илүүдэхгүй” хэмээн жиргэсэн. Түүний хувьд болон түүний жиргээг “хөгжүүлэгчид” хийн хоолойн төслийг ирэх сонгуулийн шоу хэмээн харж байгаагаа илэрхийлцгээж байна.

    Уг асуудал энэ намраас хүчээ авсан шигээ урагшлах боломж өндөр ч, унтран зогсох аюул ч ойрхон байна. Энэхүү хийн хоолойг барих талаарх идэвх санаачилгаа эрчимжүүлж, судалгаа, ТЭЗҮ-гээ хурдхан хийж ажлаа шуурхайлахгүй бол өмөнх 20 гаруй жилийнх шиг л хоосон яриа болоод замхрах болно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • yamar utgaar ni bodsonch MAN-iin zasaglah buren enhiin hugatsaand shiideed ajil ehlene gej baihgui ni tov todorhoi baina. Iimd Huuk myanga popdoj songuuliin “SHOU’ hiigeed  nemerguig songogchid maani oilgoosoi.Huurtahgui baihiig irgeddee urailiya aa.

    Холбоотой мэдээ