• Шүүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хилийн хориг тавих шаардлагагүй гэж үзлээ

    Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагт нээлттэй хэлэлцэв.

    Шүүхээс түүнд хилийн хорио тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэн. Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

    Н.Номтойбаярыг яллагдагчаар татаж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажилллагааны явцад хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор үндэслэн авсан. Энэ удаа ч мөн энэ үндэслэлээр саналыг ирүүлсэн байна. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

    Шүүх хуралдааны дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өчигдөр миний бие сүүлийн хагас жилийн хугацаанд хүн амины хэрэг хийсэн мэтээр дайрч доромжлуулж байгаад  тайлбар хийсэн. Уг нь би тайлбар хийхээс илүү хэргийг шалгаж байгаа цагдаа, прокурор тайлбар хийх ёстой гэж бодсон. Гэтэл олон нийтэд мэдээлэл өгдөггүй.

    Г.Батхүү гэдэг хүнийг нас барсантай холбогдуулж хэн нэгнийг яллагдагчаар татах нь битгий хэл эрүүгийн хэрэг ч үүсгээгүй байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлтүүд мөрдөн байцаалтад хэн нэгнээс хамааралгүй болох нь тогтоогдсон. Үүнийг дахиж надтай холбохгүй байхыг хэвлэлээс хүсье.

    Харин гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагийн ажилтан намайг хэрэгт гүтгээд байгаа юм. Үнэнээ мэдүүлсээр байтал яагаад гүтгээд байгаа юм. Прокурор хэлэх үг байхгүй байгаа биз дээ. Сая ажлын албаныхан зөвлөх туслахуудтай уулзахад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорын зүгээс гаргасан юм байна. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй  гэж үзсэн. Талархаж байна. Өөр юу хэлэх вэ. Өчигдөр орой над руу хэлсэн. Тэгээд ирж байгаа нь энэ. Болж өгвөл намайг муухай харагдуулах юм яваад байна” гэв.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ