
Дөрвөлжин даавуун дээр өнгө өнгийн товчийг оёх А.Энхтөвшин 30 настай. Хажууд нь чанга ярих, гаднаас хүн орж ирэхийг үл анзааран энэ л ажлаа хэдэн ч цагаар хамаагүй хийх учир багш нар нь хэлж байж суудлаас нь босгоно. Тэрээр “Солонго” төвд 15 жил суралцахдаа товч оёж, хадахыг гойд сайн сурчээ. Гэхдээ тэр оюуны бэрхшээлтэй учир ажлын байранд хэзээ гарах нь тодорхойгүй.
Харин М.Баяраа 17 настай. Өнгөрсөн аравдугаар сараас тус төвийн ажлын байранд бэлтгэх ангид хамрагдаж арьсаар түлхүүрийн оосор хийж сурч байгаа. “Одоохондоо хайчтай ажиллаж сураагүй, гэхдээ тун удахгүй сурна. Манай Баяраа онц байгаа” гэж багш түүнийг урамшуулав.
Нэг эсвэл хоёр ѳдѳр сургалтандаа ирэхгүй бол хийх аргаа мартаж, дахиад л эхнээс нь эхлэх болдог учир ѳдѳр бүр 3-4 цагийг гар урлалдаа зарцуулдаг. Тиймээс арьсан дээр зургаа зураад дараа нь цоолох, сүлжих гээд яг дэс дарааллын дагуу гарт нь ортол дадлага хийлгэдэг байна. Бусад тѳрлѳѳр хичээллэж буй залуус ч ялгаагүй дадал болтлоо нэг зүйлээ хийж сурдаг ажээ.
Баяраагийн аав, ээж нь хүүгээ маш сайн дэмждэг учраас ѳдѳр бүр Толгойтоос найз нар руугаа, сурч буй зүйлдээ яаран ирдэг. Ирэх тавдугаар сард төгсөөд ажлын байранд ажиллах уу, эсвэл гэрээр арьсан урлалаа хийх үү гэдэг хоёр сонголт түүний өмнө ирнэ.
Жирийн хүнээс аль нэг талаараа дутуу,бэрхшээлтэй хэдий ч өөрийгөө ялж, дутуугаа нөхөж, суралцаж, шамдаж байгаа нь тэдний хувьд хамгийн том амжилт.
Манай улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэднээс хөдөлмөрийн насны 70 гаруй мянга нь ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн заалтууд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хуулиудад туссан байдаг ч хэрэгжилт хангалтгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг сурган хүмүүжүүлж, нийгэмшүүлэх чиглэлээр 1997 оноос үйл ажиллагаа явуулж буй “Солонго” төв нь сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа оюун ухааны хүнд хэлбэртэй, аутизм, дауны хам шинж, дөрвөн мөчний чангаралтай 2-30 насны 40 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлж байна.
Ажлын байранд бэлтгэх сургалт явуулах, хөдөлгөөн засал, хэл ярианы засал, амьдрах ухааны анги, хөдөлмөрийн ангийг нас насанд нь тохируулан заадаг ажээ.
Тухайлбал, хэл заслын ангид жүжигчилсэн тоглолт, дуу хөгжим, анхаарал төвлөрүүлэх гэх мэт хичээл ордог бол амьдрах ухааны ангид өөртөө үйлчлэх буюу бие даан гар нүүр шүд угаах, байгаль орчноо мэдрэх, орчин тойрноо цэвэрлэх гэх мэт дадлыг хэвшүүлдэг.
Одоогоор ажлын байранд 12 залуус бэлтгэгдэн сурч байгаагийн зургаа нь гар урлалын чиглэлээр суралцаж байна.
Ажлын байранд бэлтгэх ангид суралцаж байсан дөрвөн залуу ажилд оржээ. Нэг нь Солонгос хувцасны дэлгүүрт хувцас эвхэх, өлгөх гэх мэт ажил хийж байгаа бол нөгөөх нь үндэсний үйлдвэрлэгч “Юни” оймсны үйлдвэрт оймс индүүдэх, уутлах, шошго наах ажил хийж байгаа гэнэ.
Суралцагчид дунджаар 5-6 сарын хугацаанд эсгий, арьсан болон шүрэн урлал, товч хадах гэх мэт гар урлалын төрлөөс аль нэгийг нь дадал хэвшил болтлоо сурч төгсдөг байна. Ажилд ороход бэлэн болсон залуусыг багш нар нь “Яг энэ ажлыг л маш сайн хийж чадна” гэж тодорхойлж тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад танилцуулдаг ажээ. Компаниуд ч нааштайгаар хүлээж авдаг гэнэ.
Тус төвийн ажлын байранд бэлтгэх сургалтын багш Н.Урангуа “Бүтээл хийж сурч байгаа хүүхэд залуусын өөрсдийнх нь чадамжаас хамаарч ажлын байранд гарах эсэх нь шийдэгддэг. Зарим нь нэг жилийн дотор суралцаад ажил хийж байхад нэг зүйлээ 10 жил хийж байгаа хүн ч бий” гэв. Ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй байна, хүнд, хөнгөн гэдгээс хамаарах аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хууль эрх зүйн орчин байдаг ч бодит байдалд хэрэгжилт хангалтгүй байдаг гэж бодож явдгаа Н.Урангуа багш хэлсэн.
25-аас дээш ажилтантай байгууллага 4-5 орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулна гэх хуулийн заалт бий. Харамсалтай нь, байгууллагууд арай хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүн авна гэсэн хязгаарлалт тогтоодог нь хамгийн их хүндрэл болдог гэнэ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгөө бусдаас өөр гэх сөрөг хандлага нь ажил хөдөлмөр эрхлэх, хамт олонтой болох боломжийг хязгаарлах нь бий. Гэр бүл нь дэмжээд өөрөө хүсвэл том жижиг гэлтгүй нэг зүйлийг гарт ортлоо сайн хийгээд сурчихвал ажилтай,хамт олонтой болох, цаашлаад хөгжих боломж байгааг Энхтѳвшин, Билгүүн нарыг хичээл зүтгэлээс харж болохоор байна. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын өөрсдийгөө тусгаарласан бодлоос илүүтэй гэр бүлийнх нь хандлага сөрөг байдаг нь хамгийн том бэрхшээл гэдгийг тус төвийн нийгмийн ажилтан Я.Алимаа хэлж байв. Учир нь зарим аав, ээжүүд хүүхдээ маш сайн дэмжиж, ойлгодог бол нэг хэсэг нь “Юм сурах нь юу л бол. Сурлаа ч түүгээрээ амжилт гаргахгүй” гэсэн сөрөг бодолтой байдаг байна. Нааш, цааш зөөхөөс түвэгшээж гэрт байлгахыг илүүд үздэг ч аав, ээж байдаг гэсэн.
Биднийг ийн ярилцаж байх зуурт тус төвд 16 дахь жилдээ суралцаж буй 30 настай залуугийн аав Эрдэнээ гуай хүүгээ авахаар иржээ. Бид түүнтэй цөөн хором ярилцсан юм.
Тэрээр “Манай хүү тархины саажилттай. Энэ төвд явснаар бид ажил хийх боломжоор хангагдаж байна. Миний хүү хамт олонтой, үе тэнгийнхэнтэйгээ өдрийг өнгөрөөж байна. Гэрт байна гэдэг үнэхээр хэцүү. Ядаж л нэг нь ажилгүй гэрт суух болно. Энэ төвийг буянтай газар гэж боддог юм. Бие засах, гар нүүрээ угаах гээд бүхнийг сурч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалсан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хууль байдаг л гэсэн. Үнэндээ хэрэгжилт нь хангалтгүй. Адгийн наад зах нь хөдөлмөр эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байраар бүрэн хангагдаж чадахгүй байгаа” хэмээн бодлоо хуваалцсан.
Хүүхдүүдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэнд оролцож эсвэл байгууллага, сургуулиудад худалдан авалт хийх хүсэлт гаргадаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хийсэн гэдгийг мэдээд урамшуулж худалдан авалт хийж дэмждэг ажээ. Харин олсон орлогоороо сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авч хүүхдүүддээ зарцуулдаг байна.
Нэг нь эрхээ мэдэж, нөгөөх нь үүргээ ухамсарлавал дээр дурдсан ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 70 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусдын адил нийгмийн харилцаанд оролцож, хамт олонтой болох, хөгжиж дэвших, сурч боловсрох боломж дүүрэн байна. Өөрөөр хэлбэл, бэрхшээлээ “бэрхшээл” гэж харахаас илүүтэй Энхтөвшин шиг ганц товч хадаж сурах нь, Баяраа шиг түлхүүрний оосор цоолж, зурж сурна гэдэг хөдөлмөр. Гол нь ар гэрийнхэн нь дэмжиж, энэ юм сурахгүй, хийж чадахгүй гэсэн хандлагаа өөрчилбөл сурч, хөдөлмөрлөх, хамт олонтой байх боломж дүүрэн байгааг эндээс харж болно.
Гагцхүү хуулиар олгосон эрхээ бүрэн дүүрэн ашигладаг, мэддэг байх нь чухал юм. Солонго төв хөгжлийн бэрхшээлтэй 2-30 насны хүүхэд, залуус бүрт нээлттэй,ямар нэгэн зүйлийг сурч мэдэхийг,хүүхдээ сургахыг хүссэн аав,ээжүүдэд тус тѳвийн үүд хаалга нээлттэй гэдгийг үүгээр уламжилсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
Анх удаа л энэ тухай сонсож байна Хаана байдаг газар вэ?
84r surguuliin urd bdag