МУГЖ Д.Алтанхуяг:“Цөмөөхэй” балет нийгэмд сонгодог урлаг яагаад хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулах зорилготой

2019-12-12

Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуяг болон залуу бүжигчид “Цөмөөхэй” балетийн талаар мэдээлэл хийлээ.

МУГЖ балетчин Д.Алтанхуяг 2014 онд П. И.Чайковскийн “Щелкунчик” балетийг   “Цөмөөхэй” нэрээр тайзнаа амилуулснаар зургаа дахь жилтэйгээ золгож байна.УДБЭТ-т энэ сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд тоглогдох “Цөмөөхэй”-гийн эхний өдрийн тоглолтод Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох ажээ.

“Цөмөөхэй” балетийн нэг тоглолтод 200 гаруй хүүхэд тоглодог томоохон хэмжээний уран бүтээл юм. Тэр ч утгаараа жил жилийн тоглолтод тоглох хүүхдүүд нь  шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгээр хүрдэгээрээ онцлогтой юм.

Энэ талаар Монголын балетын хөгжил сангийн тэргүүн МУГЖ П.Алтанхуяг хэлэхдээ  “Урлаг бол хүүхдэд чадна гэсэн итгэл, төлөвшлийг бий болгодог. Ялангуяа сонгодог урлаг бол асар үнэ цэнэтэй. Хүүхдүүд аль нэг дүрд тоглоод бүтэн хоёр цагийн балетийг бий болгосон гэцгээн баярладаг.

Бид жил бүр есдүгээр сарын сүүлээр бүх нийтээр сонгон шалгаруулалт явуулан хүүхүүдээ бэлтгэдэг. Тоглолтод оролцсон хүүхэд тухайн дүрд тоглосноор заавал балетчин болох албагүй. Оролцох 200 хүүхдээс ердөө ганц нь  балетчин болж ч магадгүй.  Хамгийн гол нь тэр хүүхэд бидэнтэй тоглосноор наад зах нь тайзны ард ямар амьдрал явж байгааг харах боломжтой.

“Цөмөөхэй” зөвхөн тоглолт биш  нийгэмд сонгодог урлаг  яагаад хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулах зорилготой. Нийгэмд сонгодог урлагийг сайтар хүргэж, хөгжүүлч чадвал хэн ч Дуурийн театрын тайзан дээр гарах боломжтой. Тиймээс 21 аймагт энэ урлагийг хүргэх хүсэлтэй байна. Энэ тал дээр хамтарч ажиллахад Монголын балетын хөгжил сан нээлттэй” гэдгийг онцлон хэлсэн.

“ЦӨМӨӨХЭЙ” БАЛЕТЫГ ХҮҮХДҮҮД ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭДЭГ

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б.Саруул “Дуурийн театрын урын санд Цэнхэр нүдэн бүсгүй, Дэггүй лиз гэх балет нэмэгдсэн.

Мэдээж хүүхдийн балетыг өшөө нэмэх шаардлагатай. “Цөмөөхэй”-г  хүүхдүүд  жил бүр тэсэн ядан хүлээдэг балет юм. Бид аль болох л хүүхдүүдтэйгээ ойр байж, хүүхдийг энэ урлагаар хичээллэх сонирхлыг төрүүлэхийг хичээдэг. Сонгодог урлагийн бүтээл бол зөвхөн нэг удаа үзээд өнгөрдөг кино шиг биш дахин дахин үзэхэд ч инэ шинэ зүйл хүлээж байдаг” гэлээ.Балетыг давтаж үзэх тусам өөр өөр мэдрэмж авдаг”

                                          БАЛЕТЫГ ДАВТАЖ ҮЗЭХ ТУСАМ ӨӨР ӨӨР МЭДРЭМЖ ЯВДАГ

Дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжигчин н.Мөнхнаран “Балет бол маш их баялаг урлаг. Би анх балетийг огт мэддэггүй, бүжгээр хичээллэдэг байсан. Дараа нь ОХУ-н тэтгэлэгтэй сургуульд суралцах хугацаандаа балет гэдэг ямар гайхалтай урлаг болохыг ойлгосон. Нэг үзээд тухайн үед утга санааг нь ойлгосон ч, давтаж үзэх тусам бүх нарийн зүйлүүдийг мэдэж авч, түүнээсээ өөр өөр мэдрэмж авдаг” гэв.

Тасалбарыг www.ticket.mn болон www.shoppy.mn -ээс захиалан авах боломжтой юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ